Тариат сум “Бруцеллёз өвчингүй загвар сум” болох зорилт тавьж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-04-07 10:47:24

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Тариат сум улсын хэмжээнд “Бруцеллёз өвчингүй загвар сум” болох зорилтыг дэвшүүлэн сумын дэд хөтөлбөр боловсруулан сумынхаа ИТХ-аар батлуулан 2015 оноос хэрэгжүүлж байна. 

Гурав дахь жилдээ хэрэгжиж буй уг хөтөлбөрийн хүрээнд эхний хоёр жилд зөвхөн эцэг малуудаас шинжилгээ авчээ.  2015 онд сумын долоон багийн 1480, 2016 онд 1440 малаас бруцеллёзын шинжилгээ авч нийт 180 малыг халдвартай болохыг тогтоож, хөнгөлөх болон хэрэгцээлэх арга хэмжээг авч ажиллажээ. Мөн 58446 хурга, ишиг, тугалд бруцеллёзын эсрэг вакцин хийж, мониторинг хийж ажилласан байна. Хөтөлбөрийн хүрээнд энэ онд 2000-аад үнээг бруцеллёзын шинжилгээнд хамруулахаар төлөвлөсөн байна.

Харин өнгөрөгч хоёр жилийн хугацаанд 16-64 насны 1549 хүнээс малын бруцеллёз өвчний халдварын шинжилгээг авахад 108 иргэн халдвартай гарсныг эмчийн хяналтанд оруулж, эмчилж эхэлжээ. Мөн энэ онд 1700 гаруй хүнийг шинжилгээнд хамрхуулах юм байна. 

“Бруцеллёз өвчингүй загвар сум” болох хөтөлбөрийг Тариат сумынхан хүн, малаа бруцеллёзгүй эрүүл болтол нь хэрэгжүүлнэ гэнэ. Хөтөлбөр хэрэгжих хугацаанд сумын ЗДТГ, аймгийн “Малчдын холбоо” ТББ, Францын “Хил хязгааргүй малын эмч нарын холбоо” ТББ-ууд санхүүжилтээ хамтран гаргадаг бөгөөд хоёр жилийн хугацаанд 40-өөд сая төгрөгийн зардал гарчээ. Харин энэ онд хүн малд шинжилгээ хийхэд 20 орчим сая төгрөг зарцуулах ажээ.

Хөтөлбөрийн хүрээнд малчдад бруцеллёз өвчний талаарх мэдээлэл, хэрхэн урьдчилан сэргийлж болох талаар сургалт, сурталчилгаа, гарын авлага тарааж ажилласнаар малчид мэдээлэл сайтай болж, хүн, малын бруцеллёз өвчний халдвар буурсныг сумын Засаг дарга Г.Алтан-Очир хэлж байна.  

Б.Гэрэлт-Од

Холбоотой мэдээ