Архи худалдаалахыг хориглосон өдрийг хэвээр үлдээлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-04-04 21:20:28

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт архи согтууруулах ундаа худалдаалахыг хориглосон аймгийн Засаг даргын захирамжийг өөрчлөх эсэх талаар иргэдээсээ санал асуулга авсан юм. Асуулгад оролцсон иргэдийн ихэнх нь тухайн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзсэн байна.

Өмнөговь аймагт долоо хоног бүрийн лхагва гарагт архи, согтууруулах ундаа худалдаалахыг 2007 оноос хойш хориглосон билээ. Аймгийн хэмжээнд уг өдөр иргэд согтууруулах ундаа хэрэглэхгүй байж хэвшээд байгаа юм. Харин зарим иргэдээс дээрх захирамжийг цуцлах, үйлчилгээний газрууд 02 цаг хүртэл согтууруулах ундаагаар иргэдэд үйлчлэхийг хүссэн ажээ. Тиймээс иргэдийнхээ дунд санал асуулга явуулж, олон нийтийн санал бодлыг сонсохоор хэлэлцүүлэг зохион байгуулахад нийт оролцогчдын 73 хувь нь захирамжийг хэвээр үлдээхийг хүссэн байна.

Нэг өдөр согтууруулах ундаа худалдаалахгүй байх нь хичнээн олон иргэдийн амар тайван амьдрах нөхцлийг бүрдүүлж өгдгийг хэлж мэдэхгүй ч хүүхэд эмэгтэйчүүдийг хүчирхийллээс хамгаалахад уг захирамж нь нөлөөлж чаддаг гэж иргэд үзсэн юм.

Д.Мишигсүрэн

 

Холбоотой мэдээ