Бразилын шигшээ Оросыг зорих хамгийн эхний багаар тодорлоо
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТМОСКВА./TASS/. Бразилын хөлбөмбөгийн шигшээ баг ОХУ-д болох ДАШТ-2018-ын шувтаргын тэмцээнд оролцох хамгийн эхний багаар тодорлоо. Тэмцээнийг зохион байгуулагч ОХУ-ын шигшээ баг урьдчилсан шатны тоглолт хийлгүйгээр эрхээ шууд авсан билээ.
Сонгон шалгаруулах шатны Өмнөд Америкийн бүсийн /КОНМЕБОЛ/ тэмцээнд Уругвай улсын баг Перугийн шигшээд 2:1 харьцаагаар хожигдсоноор бразилчууд ДАШТ-2018-ын шувтаргын шатанд оролцох эрхээ авч чаджээ. Одоогийн байдлаар Бразилын шигшээ 33 оноотой болж, бүстээ итгэлтэйгээр тэргүүлж байгаа бөгөөд ямар ч тохиолдолд 4 дүгээр байраас хойш ухрахааргүй болсон байна.
Тус хэсгийн хоёрдугаар байрт Колумбын шигшээ 24 оноотойгоор явж байгаа бол Уругвай /23 оноо/, Чили /23 оноо/, Аргентин /22 оноо/, Эквадор /20 оноо/, Перу /18 оноо/, Парагвай /18 оноо/, Боливи /10 оноо/, Венесуэль /6 оноо/ улсын шигшээ багууд удаалж байна. Боливи болон Венесуэлийн хувьд Орост очих боломжоо нэгэнт алджээ.
Хоёр тойргоор явагдаж буй Өмнөд Америкийн бүсийн сонгон шалгаруулах тэмцээнд 10 улсын баг оролцож байгаа бөгөөд уг тэмцээн энэ оны 10 дугаар сард дууссанаар шилдэг 4 баг шууд Оросыг зорих бол тавдугаарт орсон баг Далайн орнуудын хөлбөмбөгийн холбооноос шалгарсан багийг хожсон тохиолдолд ДАШТ-2018-д оролцох эрхээ авах юм.
О.Барс