Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд тоног төхөөрөмж дутагдаж байна гэв

Орон нутагт | Дархан-Уул
norovsambuu@montsame.mn
2017-03-29 23:42:46

Дархан-Уул /МОНЦАМЭ/ Тус аймгийн Засаг дарга С.Насанбат аймгийн Эрүүл Мэндийн газрын дарга Б.Батцэнгэл болон Дархан сумын Өрхийн Эрүүл Мэндийн төвийн дарга нартай өмнөх оны гэрээг дүгнэж шинэ оны гэрээ байгуулав.

Монгол Улсын “Эрүүл мэндийн тухай хууль”-ийн 16.2 дугаар заалт, Эрүүл Мэндийн сайдын 2013 оны 266 дугаар тушаалын дагуу Дархан-Уул аймгийн Засаг даргын 51 дүгээр тоот захирамжаар батлагдсан ажлын хэсэг Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн гүйцэтгэлийн гэрээг дүгнэжээ. Үүнд: Дархан сумын “Амин холбоо” ӨЭМТ 87.7 хувь, “Гос хот” 97,5, “Мэдс Стоб” 89,2, “Түвшин холбоо” 87,3, “Гэрэлтэй” 88,8 хувийн үзүүлэлттэй үнэлэгдсэн байна. Тус аймгийн хэмжээнд таван ӨЭМТ ажилладаг. Тэдгээрт эмнэлгийн багаж тоног төхөөрөмж, компьютер, санхүүжилт, яаралтай дуудлагын авто машин дутагдаж байгаа ажээ. Мөн цаг ашиглалт цагийн хуваарьт анхаарч иргэдэд түргэн шуурхай үйлчлэх хэрэгтэйг шалгалт хийсэн ажлын хэсгээс үүрэг болгосон байна.

Жил бүр эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээг үзүүлдэг Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн үйл ажиллагаанд үнэлгээ дүгнэлт өгч цаашид анхаарах асуудлыг нарийвчлан гаргадаг байна. Эдгээр ӨЭМТ-ийн удирдлагууд гүйцэтгэлийн гэрээний биелэлтийн дүнгээ сонсож ирэх жилийнхээ гэрээг байгуулсан нь энэ юм.

                                                                                                                                                    Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ