Цагдаагийн газарт долоо хоногийн хугацаанд 273 гомдол иржээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛДархан-Уул /МОНЦАМЭ/ Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт энэ сарын 19-26-ны хүртэлх хугацаанд 273 гомдол мэдээлэл бүртгэгдэж шалгагдсанаас гэмт хэргийн шинжтэй 62, захиргааны зөрчлийн шинжтэй 42 дуудлага мэдээлэл 169 бүртгэгджээ.
Энэ тухай тус Цагдаагийн газрын Олон Нийттэй харилцах албаны ажилтан н.Гэрэлмаа сэтгүүлчдэд хийсэн мэдээлэлдээ онцлоод “Манай Цагдаагийн газраас өнгөрсөн долоо хоногт хийсэн ажлынхаа дүн мэдээг гаргаж та бүхэнд хүргэж байна. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, шалтгаан нөхцлийг арилгуулах зорилгоор 10 аж ахуйн нэгж, байгууллагад хэрэг бүртгэгч мөрдөн байцаагчийн албан мэдэгдлийг хүргүүлж хариу авч үр дүнг нь тооцон ажилласан. Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлж таслан зогсоох чиглэлээр “Хулгай”, “Согтуу”, “Хяналт”, “Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлье”, “Хяналт-Шалгалт”, “Би гэр бүлдээ хайртай”, “Захиргааны хяналт” зэрэг нэгдсэн болон хэсэгчилсэн зургаан ажлыг зохион байгуулж давхардсан тоогоор 170 аж ахуйн нэгж байгууллагыг шалгаж 18 зөрчил илрүүлж гарсан зөрчлийг арилгуулж ажиллалаа. Мөн Хэв журам сахиулах эргүүлд давхардсан тоогоор 134 алба хаагч үүрэг гүйцэтгэж зөрчил гаргасан, биеэ авч явах чадваргүй, согтууруулах ундааг хэтрүүлж хэрэглэсэн 34 иргэнийг ар гэр асран хамгаалагчид нь хүлээлгэн өгч, 47 иргэнийг эрүүлжүүлэх байранд хүргэсэн. Энэ хугацаанд 115 аж ахуйн нэгж байгууллага, 40 баар цэнгээний газар, 122 тээврийн хэрэгслийг шалгаж зөрчил гаргасан 15 иргэнд 51 мянган төгрөгийн торгууль ногдуулж 211 иргэнд хууль зүйн зөвлөгөө өгч ажиллаа” гэв.
Түүнчлэн Тус Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгаас эрхлэн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор 2849 тээврийн хэрэгслийг шалгаж 923 зөрчлийг илрүүлж 733 жолоочид бэлэн бусаар 14 сая 788 мянган төгрөгийн торгууль ногдуулж согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон 29 жолоочийг Монгол Улсын “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль”-ийн дагуу хариуцлага тооцжээ.
Б.Норовсамбуу