Төрийн зарим үүргийг ТББ-аар гүйцэтгүүлнэ

Орон нутагт | Дархан-Уул
norovsambuu@montsame.mn
2017-03-26 23:08:29

Дархан-Уул /МОНЦАМЭ/ Тус аймгийн “Төр, нийгмийн түншлэл-2017” аймгийн нэгдсэн зөвлөлгөөн болов.

Зөвлөлгөөнд аймгийн төрийн байгууллагууд болон тус аймагт ажилладаг ТББ-уудын төлөөлөл оролцлоо.

Нэгдсэн зөвлөлгөөнийг аймгийн Засаг дарга С.Насанбат нээж хэлэхдээ: “Аймгийн Засаг дарга миний бие дөрвөн жилд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт аймгийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх хөтөлбөр зэрэгт “Шийдвэр гаргах үйл ажиллагаанд иргэд, төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллагуудын оролцоог нэмэгдүүлнэ” гэж тусгасны дагуу “Төр, нийгмийн түншлэл-2017” аймгийн зөвлөгөөнийг зохион байгуулж байна. Энэхүү чуулганаар төрийн болон, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтарч хэлэлцүүлэг өрнүүлж төрийн бодлого боловсруулж төрд хяналт тавихад төрийн бус байгууллагын тэгш оролцоо, зөвшилцлийг хангаж иргэний нийгмийн төлөвшлийг дэмжих, төр-иргэний нийгмийн хамтын ажиллагааны бүтээлч арга, хэлбэрийг хөгжүүлэх асуудлаар нийтлэг ойлголцол бий болгохыг зорьж байна” гээд “Аймгийн Засаг дарга миний бие Иргэний нийгмийг хөгжүүлэх, иргэний нийгмийн байгууллагуудын үйл ажиллагааг дэмжиж, чадварлаг удирдлагаар хангаж засаг төр, иргэний нийгэм, хувийн хэвшил гэсэн хэлхээ уялдаа бүхий удирдлагын гурван хүрээнд суурилсан бодлогоор хангаж тэдэнд ардчилал, эрх чөлөө, хувийн санаачлага, бие даасан байдал, улс төр, бизнесийн мэдээлэл олж авах боломжийг багтаасан нийгмийн орон зайг бий болгон ажиллаж байна” гэлээ. Зөвлөгөөнд аймгийн Засаг даргын Үйлдвэрлэл, дэд бүтэц эрхэлсэн орлогч Т.Ганболд, Нийгмийн асуудал, төсөл хөтөлбөр хариуцсан орлогч А.Түвшинбат нар болон бусад хэлтэс, албадын дарга нар тус бүрдээ мэдээлэл хийж Засаг даргын дөрвөн жилд хийж хэрэгжүүлэх ажил болон тэдгээрийн заримыг ТББ-аар гүйцэтгүүлэхээр төлөвлөсөн талаар танилцууллаа. Зөвлөгөөний төгсгөлд аймгийн Засаг дарга, Үйлдвэрчний эвлэлийн холбоо, Ажил олгогч эздийн холбооны Нийгмийн зөвшлийг хангах гурван талт хэлэлцээрийг үзэглэж, аймгийн Засаг дарга, Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгтэй хамтран ажиллах гэрээ байгуулав.

Мөн JCI Дархан салбар, Монголын спорт аяллын холбооны Дархан салбар, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын нэгдсэн холбоо, ХААИС-ийн дэргэдэх “Бизнес судлал, сургалтын төв” ТББ, Дарханы оюутны холбоо, “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ны Дархан-Уул аймаг дахь салбар, аймгийн Ахмадын хороо, Ахмад багш нарын холбоо, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн холбоодтой зэрэг ТББ-уудтай хамтарч ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ