Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Говь-Алтай аймагт ажиллаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-03-23 19:18:08

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр орон нутагт хийж буй томилолтынхоо хүрээнд Говь-Алтай аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвөөр орж, ажилтай нь танилцлаа.

Тус төв анх 1963 онд Халиун суманд Залуу малчны сургууль нэртэйгээр байгуулагдаж байжээ. Улмаар ХАА-н техник мэргэжлийн сургууль,Политехникийн сургууль нэрээр үйл ажиллагаа явуулж байгаад 1991 оноос Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв нэртэйгээр үйл ажиллагаа явуулах болсон байна. 1996 оноос мэргэжлийн боловсрол эзэмшүүлэхийн зэрэгцээ бүрэн дунд боловсрол олгож эхэлсэн.

Уг төв нийт 21 мэргэжлээр элсэлт авах боломжтой. Энэ хичээлийн жилийн эхэнд 400 гаруй суралцагч суралцаж байгаад өнгөрөгч нэгдүгээр сард 186 төгсөгч төгссөнөөр одоогийн байдлаар 280 суралцагч, 11 мэргэжлээр суралцаж байгаа аж. Өмнөх онуудад төгссөн хүүхдүүдийн 56 орчим хувь нь ажлын байраар хангагдаж ирсэн. Дэргэдээ дотуур байртай" хэмээн тус төвийн захирал С.Гансэлэм Ерөнхий сайдад танилцуулав.

Мөн үеэр Ерөнхий сайд тус сургуулийн зарим анги танхимаар орж танилцсан юм. Оёдол эсгүүр, нарийн боов зэрэг үйлчилгээний салбарын мэргэжлийн ангид тоног төхөөрөмж, сургуулийн барилгад их засвар хийх шаардлага байна гэдгээ тэрбээр уламжилсан. Тэдний хүсэлтийг анхаарч ажиллана гэдгээ Ерөнхий сайд илэрхийлсэн.

Үүний дараагаар аймгийн Нэгдсэн эмнэлэгт очлоо. Тус эмнэлгийн хувьд аймгийн иргэддээ хоёрдугаар шатлалын тусламж үйлчилгээ үзүүлдэг. 18 сум, хоёр тосгон, Завхан, Баянхонгор аймгийн хил залгаа сумын иргэдийг хүлээн авч үйлчилдэг аж. Нэгдсэн эмнэлэг нийтдээ 210 ортой бөгөөд жилд дунджаар давхардсан  тоогоор100 мянга орчим иргэнд үйлчилдэг байна.

Тэдний хувьд 2011 онд баригдаж эхэлсэн 50 ортой эх барих, эмэгтэйчүүдийн эмнэлэг одоо болтол баригдаж дуусаагүй байгааг Ерөнхий сайдад уламжлаад эмнэлгийг яаралтай ашиглалтад оруулах шаардлагатайг уламжиллаа.

Түүнчлэн эмнэлгийн удирдлагууд Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй "Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5" төслийн хүрээнд Цусны салбар төвд 300 гаруй сая төгрөгийн өртөг бүхий 44 нэр төрлийн тоног төхөөрөмжийг хүлээн авч ажилд оруулж байгааг Ерөнхий сайдад үзүүлэв.

Б.Туул

Говь-Алтай аймаг

 

Холбоотой мэдээ