Уул уурхайнхны зөрчил буурахгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-03-20 22:33:10

Баянхонгор /МОНЦАМЭ/. Улирагч онд Баянхонгор аймагт уул уурхайн үйл ажиллагаанаас 163 зөрчил илэрч, 10 албан шаардлага, 18 акт, 30 орчим сая төгрөгийн шийтгэвэр ногдуулжээ. Энэ нь 2015 оныхоос 17 хувиар өссөн дүн юм байна.

Мөн өнгөрсөн онд төлөвлөгөө батлуулан ажилласан 13 аж ахуйн нэгжээс Баялаг орд, Жамп алт, Андын тэмүүлэл, Монголболгаргео, Бритиш майнинг, Шинэсансар компаниуд нийт 38.4 га талбайд техникийн нөхөн сэргээлт, 4.5 га-д биологийн нөхөн сэргээлт хийсэн байна. Харин Жи энд Юу голд, Гэрэлт шинэчлэл, Тинаха, Оргил моунт, Нинж мөрөн, Ти энд Ти юникс компаниуд нөхөн сэргээлт хүлээлгэн өгөөгүй, шаардлага хангаагүй гэсэн дүгнэлт гарчээ.

Компаниудын нийтлэг зөрчил нь бичиг баримтын бүрдэл дутуу байхад үйл ажиллагаа явуулж эхэлдэг, уурхайг хүлээж авах комисс ажиллаагүй байхад үйл ажиллагаа явуулдаг, аймаг орон нутагтай гэрээ байгуулахгүй үйл ажиллагаа явуулдаг зэрэг зөрчил байдаг байна. Мөн батлагдсан баримт бичгийн дагуу үйл ажиллагаа явуулдаггүй, шав тэмдэгээ мэддэггүй, уул уурхайн боловсон хүчин тогтвортой бус, чадамжгүй, нутгийн иргэдийн дарамт шахалтад ордог, нөхөн сэргээлт хангалтгүй хийдэг, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг хангаж ажилладаггүй, холбогдох хууль тогтоомжийг судалдаггүй, иргэдэд бодит үнэн мэдээллийг өгдөггүй, аж ахуйн нэгжид хууль бус шаардлага тавьдаг, сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагчийн ажлыг хийлгэдэггүй зэрэг зөрчлүүд байсаар байна.

                                                                                                                  Б.Мөнхзул
 

Холбоотой мэдээ