Шар уснаас сэргийлж үерийн хамгаалалтын даланг засварлаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2017-03-19 21:26:07

Дархан-Уул /МОНЦАМЭ/ Дархан сумын “Дархан ус суваг” ХК, НААҮГ-аас эрхлэн баг бүрийн төлөөлөл 20 ажилгүй иргэнийг түр ажлын байраар хангаж ус зайлуулах боломжгүй болсон үерийн даланг цэвэрлэж, засварлах ажлыг эхлүүллээ.

Энэ ажлын зардлыг аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргасан байна. Мөн Дархан сумын 15 дугаар багийн нутаг дэвсгэр дэх үерийн далангийн ус зайлуулах хоолойг өндөрлөх ажлыг “Дарханы Дулааны Цахилгаан станц” ТӨХК өөрсдийн хөрөнгөөр хийж дуусгаснаар Дархан хот шар усны үерээс сэргийлэх бүрэн боломжтой боллоо гэж аймгийн Захирагчийн албаны дарга Э.Равжаадэлгэрэх ярилаа.

Дархан сумын нутагт энэ өвөл цас их хэмжээгээр орж хунгарлан гуу жалганд хуримтлагдаж тогтсон нь энэ сарын цаг агаарын байдлын дунджаар сарын сүүлийн хагаст өдөртөө нэмэх хэмд хүрч дулаарснаас цас хайлж шар усны үер буух эрсдэлд хүрч болзошгүй нөхцөл байдал үүсээд байгаа юм.

Тиймээс аймгийн Захирагчийн алба, Дархан сумын ЗДТГ, аймгийн Онцгой Байдлын газар энэ сарын есөнд хамтарсан үзлэг, шалгалтыг хийж, үзлэгээр илэрсэн зөрчлийг арилгуулах ажлын хүрээнд энэ сарын 16-ны пүрэв гарагаас дээрх ажлыг эхлүүлээд байна.            

                                                                                                                                          Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ