“Дархан цэргийн хүрээ”-ний ёслолын жагсаал боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2017-03-18 00:51:08

Дархан-Уул /МОНЦАМЭ/ Дархан-Уул аймгийн ЗДТГ, Цэргийн штаб хамтарч зохион байгуулсан “Монгол цэргийн өдөр”, Зэвсэгт Хүчний 96 жилийн ойн баярыг тохиолдуулж тус аймгийн үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын цэргийн хүрээний ёслолын жагсаал Дархан хотын “Найрамдал” талбайд болов.

Уг ёслолд аймгийн Засаг дарга С.Насанбат тэргүүтэй аймгийн удирдлагууд болон цэрэг, хууль сахиулах байгууллагуудад ажиллаж байсан ахмад дайчид, иргэдийн төлөөлөл оролцлоо. Аймгийн Засаг дарга С.Насанбат уг ёслолын жагсаалыг нээж хэлэхдээ: “Монгол Цэргийн өдөр”-ийг манай аймгийн цэргийн хүрээний байгууллагууд өргөн дэлгэр тэмдэглэж байна. Дархан хотын суурийг анх 1961 онд тавихад Барилгын цэргийн анги салбарууд оролцож хотыг бүтээн байгуулалцсан байдаг. ЗХ-ний 330 дугаар анги Дарханыхаа нэрийг гаргаж явна. Эдгээр байгууллагууд нь аймаг орон нутгийн бүтээн байгуулалтад гар бие оролцохын зэрэгцээ байгалын онц аюултай үзэгдэл бий болж цаг хүндэрсэн үед туулах чадвар сайтай авто машинаараа туслаж хаагдсан зам давааны замыг чөлөөлж өгөхөөс эхлээд байнга туслаж байдагт аймгийн засаг захиргаа талархаж явдаг” гэлээ.

Тэрбээр Дархан-Уул аймгийн Зэвсэгт хүчний байгууллагууд нь мэргэжлийн чиг хандлагатай чадварлаг болж НҮБ-ын энхийг дэмжих үйлст идэвхтэй оролцож үүргээ нэр төртэйгээр гүйцэтгэж байгааг  онцолсон юм. Аймгийн Цэргийн штабын дарга Ц.Энхтөр: “Энэ удаагийн “Монгол цэргийн өдөр” маань орчин цагийн Зэвсэгт хүчний 96 жилийн ой гэдгээрээ онцлогтой. Батлан хамгаалахын багц хуулиуд, Зэвсэгт хүчний хуулиуд шинэчлэгдэж анги салбаруудад хэрэгжиж байна. Бид ойгоо угтаж аймгийнхаа цэрэгжсэн болон хууль сахиулах байгууллагуудын дунд спортын 10 төрөлтийн цогцогбор тэмцээнийг долоо хоногийн турш явуулж дүнгээ гаргалаа. Үүнд багуудын нийлбэр дүнгээр Зэвсэгт Хүчний 330, 322 дугаар анги болон аймгийн Онцгой Байдлын газрын багууд эхний гурван байранд шалгарлаа” гэв.

Ойн баярыг тохиолдуулж ажил албандаа бусдыгаа хошуучлан ажилласан алба хаагчдыг Батлан Хамгаалах салбарын шагнал, Үндэсний аюулгүй байдлыг хамгаалах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын дунд зохиогдсон цогцолбор тэмцээний шагналыг гардуулж баяр дээр нь баяр нэмсэн юм. Энэ үеэр “Дархан цэргийн хүрээ”-ний бие бүрэлдэхүүн ёслолын жагсаалыг хийхийн зэрэгцээ иргэддээ Зэвсэгт Хүчний 330 дугаар ангийн дайчид гардан тулааны үзүүлэх тоглолтуудаа сонирхууллаа.

                                                                                                                                                    Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ