Баян-Өлгий аймаг цусны салбар төвтэй боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2017-03-14 13:27:32

Баян-Өлгий  /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймаг Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжаар хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр хангагдсан цусны салбар төвтэй боллоо.

Өмнө нь цусны тасаг ажиллаж байсныг 400-аад сая төгрөгийн тоног төхөөрөмж нийлүүлэн, 70-аад сая төгрөгөөр байрны засвар үйлчилгээ хийснээр салбар төв болгон өргөжүүлжээ.

Энэхүү төв нь жилд 120-150 литр цус гаргаж 6 төрлийн бүтээгдэхүүн хийх бөгөөд баруун бүсэд хийдэггүй цус бүлэгнэлтийн 8-р пактерт нөлөөлөх бүтээгдэхүүнийг ч мөн хийх боломжтой болж байгаа юм. 

Дашрамд сонордуулахад Баян-Өлгий аймаг сар бүрийн 03-ныг цусаа бэлэглэх өдөр болгоод байгаа юм.

Хэдийгээр цусаа өгөх нь сайн дурын үйл ажиллагаа ч гэлээ хөгжилтэй улс орнуудад иргэн бүрийн үүрэг гэж заасан байдаг. Манай иргэдийн хувьд цус өгснөөр халдвар авах, амархан даардаг болох, зөвхөн нэгдүгээр бүлгийн цустай хүмүүс л цусны донор болох ёстой гэх зэрэг буруу ойлголтууд түгээмэл байдаг учраас донорын тоо цөөхөн, 80 орчим донортой юм байна. "Цусаа өгөх нь ямар ч сөрөг нөлөө байхгүй. 17-60 насны өөрийгөө эрүүл гэж боддог хэн ч донор болох боломжтой. Үүнд ямар бүлгийн цустай байх нь хамаагүй донор бол чаддаг гэдгийг ойлгох хэрэгтэй" гэж мэргэжлийн хүмүүс хэлж байна.

Түүнчлэн донор өвдсөн тохиолдолд хоёр гуравдугаар шатны эмнэлгүүдэд дугаар дараалалгүйгээр үзүүлэх, зарим төрлийн шинжилгээг үнэ төлбөргүй өгөх эрх нээгддэг юм байна.

Б.Энх-Уянга

 

 

Холбоотой мэдээ