ЖДҮ-ийг хөгжүүлэх хамгийн дөт зам бол кластер гэж дүгнэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2017-03-13 18:15:45

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд аймгийн Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс, ЗДТГ-тай хамтран бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзаж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Сүхбаатар аймагт жижиг дунд үйлдвэрлэл /ЖДҮ/-ийг эрчимтэй хөгжүүлэх бүрэн боломж бий гэдгийг уулзалтыг зохион байгуулагчид хэлж байна.

"Сүхбаатар аймагт ЖДҮ байгаа юу гэвэл байгаа. Гагцхүү тэдгээр үйлдвэрлэл эрхлэгчдийн хоорондын уялдаа холбоо, төрийн анхаарал халамж дутагдалтай байгаа нь энэ салбарын хөгжлийг удаашруулах, ЖДҮ үр дүнгээ төдийлөн өгөхгүй байгаа гол шалтгаан гэж хэлж болно. Тиймээс энэ арга барилыг өөрчилж, шинэ шатанд гаргах хэрэгтэй" гэж тэд онцоллоо.

“Манай аймагт ЖДҮ-ийг хөгжүүлэх хамгийн дөт боломж бол кластер юм. Кластер гэдэг нь төрийн байгууллага, бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчдын нэгдмэл байдал гэсэн үг. Юм хийе гэж байгаа хүмүүст хэдэн төгрөгийн зээл олгосон болоод хаячихдаг. Араас нь тавих хяналт, шаардлага байхгүй бйагаа нь зээлийг үр ашиггүй зарцуулагдахад хүргээд байгаа юм. Энэ бол нөгөө кластер буюу нэгдмэл байж чадаагүйтэй холбоотой. Сүхбаатар аймгийн хүн ам, малын тоо жилээс жилд өсөж байна. Гэтэл нэг хүнд ноогдох ДНБ-ий хэмжээ бусад аймгуудтай харьцуулахад бага байгаа нь ч үүнтэй холбоотой. Тиймээс бид ДНБ-ий хэмжээг улсын үзүүлэлттэй тэнцүүлэх томоохон зорилтыг тавиад байна. Бид аймаг орон нутгаа хөгжүүлэх, ард иргэдийнхээ амьдралын түвшинг дээшлүүлье гэвэл бизнес эрхлэгчдээ тулах зайлшгүй шаардлагатай. Бид хамтарч чадвал орон нутагтаа ЖДҮ-ийг жинхэнэ утгаар нь хөгжүүлэх бүрэн боломжтой... ” хэмээн Аймгийн Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга У. Амарзаяа хэллээ.

Сүхбаатар хүнс ХХК-ийн захирал М.Ренчинтогтох хувиараа бизнес эрхлээд 25 жил болж байгаа. Өдгөө орон нутагтаа мах махан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг. Тэрээр  “Миний хувьд нийгмийн янз бүрийн л цаг үед бизнес эрхэлж ирлээ. Аймаг орон нутгийн зүгээс биднийг тодорхой хэмжээгээр дэмждэг байсан ч сүүлийн 2-3 жилд огт хайхрахаа больж, нэг ёсондоо бизнес эрхлэгчид орхигдсон гэж хэлж болно. Харин өнөөдрийн энэхүү хуралд оролцоод олон сайхан зүйл сонслоо. Олон үйлдвэр байгуулна гэж ярьж байна. Миний зүгээс тухайн үйлдвэрүүдийг байр саваар хангах чиглэлээр хамтран ажиллах бүрэн боломжтой. Ер нь бизнес эрхлэгчдээ дэмжинэ, хамтарна гэдэг их зөв. Гагцхүү үйл ажиллагаа нь шударга, ил тод байх ёстой...” хэмээн ярьсан юм.

Сүхбаатар аймаг нэг хүнд ноогдох ДНБ-ий хэмжээгээр 2013 онд Улсад 6-рт бичигдэж байсан бол 2015 онд 10-р байранд бичигдэх болсон байна.

Т. Одончимэг

Холбоотой мэдээ