Архангай аймагт 101 дэх баг байгуулагдлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-10-21 12:23:12

Архангай аймгийн Цэцэрлэг хотноо Д.Ичинхорлоогийн нэрэмжит хөгжимт драмын театрын их танхимд энэ сарын дундуур Эрдэнэбулган сумын шинээр байгуулагдах 7 дугаар багийн оршин суугчид цугларч, засаг захиргааны анхан шатны нэгжээ зохион байгууллаа.

Эрдэнэбулган сумын ЗДТГ-ын дарга Батбаатарын Бавуугарьдаар ахлуулсан шинэ багийг зохион байгуулах ажлын хэсгийнхэн 10 цагаас иргэдийг нарийн бүртгэж мэдээллийн санг нягт бүрдүүллээ.

Тус сумын Засаг дарга бөгөөд Цэцэрлэг хотын захирагч Э.Оюунчимэг хурлыг нээж хэлсэн үгэндээ, “Эрдэнэбулган сум нь 5621 өрхийн 20891 хүн амтай. Эдний зургаан багаас 498 өрхийн 1838 иргэн өрх тусгаарлаж VII багийг бүрдүүлж байгааг” онцлон тэмдэглэв.

Ингээд морь өдрийн морь цагаас эхлэн аймгийн 101 дэх багийн иргэдийн нийтийн хурлын даргад Ардчилсан намаас олны дунд нэр хүнд сайтай нас тогтсон их эмч Алтангэрэлийн Ширмээгийн, МАН-аас уран дархан Нацагийн удмын гэгдэх Шүгчингийн Дашдэндэв гэдэг залуугийн нэрийг тус тус дэвшүүллээ. Хоёр нэр дэвшигч өөрсдийгөө танилцуулж, сонгогчдын тавьсан асуултуудад хариулж санал бодлыг нь сонслоо. Иргэдийн зүгээс цаг алдалгүй багийн төвийн цогцолборыг барьж, юуны түрүүнд эмнэлэгийн үйлчилгээг ойртуулахыг, нийгмийн асуудлуудыг шийдвэрлэхийн тулд холбогдох ажилтнуудыг ажилд нь шуурхайлан оруулах, багаа анхнаас нь эмх цэгцтэй хөгжүүлэх, дулааны станц, цэвэр усны шугам сүлжээ, бохир усыг цэвэрлэх байгууламжийг даруйхан байгуулах ажлыг хөөцалдах зэрэг саналуудыг тавьж байлаа. Үүний дараа саналаа хураахад хайрцагнаас нийт 257 иргэний саналын хуудас гарсны 24 буюу 9,4 нь хүчингүй байв. 90,6 хувь буюу хүчинтэй 233 хуудаснаас А.Ширмээгийн төлөө 129, Ш.Дашдэндэвд 106 сонгогч саналаа өгчээ. Ийнхүү 54,3 хувийн саналаар А.Ширмээ эмч ялалт байгуулж, Архангай аймгийн 101 дэх багийн анхны ИХН-ын даргаар тодорлоо. Хуралдааныг даргалагч ажлын хэсгийн ахлагч Б.Бавуугарьд үүргээ амжилттай сайн биелүүлж, шинэ ИХН-ын даргад эрхийг нь  олголоо. Отгон багийн ИНХ-ын анхны дарга А.Ширмээ нийт сонгогчдынхоо өмнө “Намайг сонгосон, сонгоогүй нийт иргэдийнхээ сайн сайхны төлөө би ажиллана” гэж андгайллаа.

Энд нэгэн зүйлийг дурьдахад МАН-ын идэвхтэн сонгуультнууд хөндлөнгөөс нөлөөлж, хурлыг үймүүлэх оролдлогыг удаа дараа гаргасан боловч багийн оршин суугчид буурьтай хандаж, хэв журмын цагдаагийн офицер, цагдаа нар сэрэмжтэй ажиллалаа. 

Эрдэнэбулган сумын VII багийн ИНХ-ын хуралдаан нэлээд сунжирч, үдээс хойш багийн Засаг даргад нэр дэвшүүлэх ажиллагаа эхэлж, сонгуулын ажил түр азнав.

 Архангай аймгийн шинээр бий болж буй 101 дэх багийн анхны Засаг даргад МАН-аас 1989 онд төрсөн. МАН-ын хорооны улс-төрийн ажилтан Ш.Нямдоржийг, Ардчилсан намаас 1989 онд төрсөн, багийн зохион байгуулагч Б.Энхбатыг, бие даагч 1964 онд төрсөн Н.Батсайхан өөрийнхөө нэрийг тус тус дэвшүүлж, үйл ажиллагааныхаа мөрийн хөтөлбөрийг олон нийтэд танилцууллаа.

Ш.Нямдорж хашааны газрын асуудлыг цэгцэлнэ, Б.Энхбат хэнийг ч ялгаварлахгүй, Н.Батсайхан ажилтай орлоготой болгоно гэдгээ илэрхийллээ. Үүний дараа санал хурааж, тооллын хэсэг хайрцагийг задлахад 284 хуудас гарч ирлээ. Өөрөөр хэлбэл, үдээс хойш хуралд 27 хүн нэмэгдэн ирж сонгуульд оролцлоо. Хүчингүй хуудас алга. Харин Ш.Нямдаваа 141, Б.Энхбат 132, Н.Батсайхан 11 хүний санал авч, хэн нь ч хуулийн дагуу Засаг дарга хийх босгыг давсангүй.

Шинэ багийн ИНХ-ын тэргүүлэгчид анхдугаар хурлаа хийж, хамгийн олон буюу 49, хувийн санал авсан Ш.Нямдорж, 46,53 хувийн санал авсан Б.Энхбат хоёр дээр дахин сонгууль явуулахаар тогтлоо. Чингэтэл, 18 цаг өнгөрсөн болохоор сонгогчдын ихэнх нь харьчихсан, ирц хүрэхгүй гачаалтай тулгарав. Иймд ИНХ-ын тэргүүлэгчид хуралдаад, багийн даргын сонгуулийг 2015-10-18-нд үргэлжлүүлэхээр болсныг зарлав.    

2015 оны 10 дугаар сарын 18-ны ням гарагт Цэцэрлэг хотноо Архангайн багшийн сургуулийн хичээлийн төв байранд 101 дэх багийн Засаг даргын сонгууль үргэлжилж Б.Энхбат МУБИС-ийн мэдээлэл зүйн ангийг төгсгөөд сумандаа багийн зохион байгуулагчаар ажиллаж байсан залуу сонгогдлоо.

        Архангай аймаг Л.Булган

Холбоотой мэдээ