Газар хөдлөлт Ховд аймгийн төвд мэдрэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-03-13 15:40:48

Ховд/МОНЦАМЭ/. 2017 оны 3-р сарын 13-ны үүрээр Орон нутгийн цагаар 04 цаг 41 минутад газар зүйн байрлалын хувьд хойд өргөргийн 47050’24.00”N, зүүн уртрагийн 91003’36.00”E, 10 орчим км-ийн гүнд, Рихтерийн шаталбараар магнитуд нь 4.0-тэй тэнцэх хүчтэй газар хөдлөлт боллоо.

Энэхүү хөдлөлтийн голомт нь Баян-Өлгий  аймгийн Дэлүүн сумаас зүүн зүгт 27 км-т болсон бөгөөд Ховд аймгийн төвөөс 47 км, Ховд сумаас 37 км, Дуут сумаас 55км зайнд байна.

Урьдчилсан байдлаар баллын үнэлгээгээр үзвэл газар хөдлөлтийн голомтод 6-7 орчим балл, Ховд аймгийн төвд 4-5 орчим баллаар мэдрэгдсэн. Ховд аймгийн төвийн оршин суугчид хөдлөлийг ямар нэгэн байдлаар мэдэрсэн нь ард иргэдийн мэдээлсэн байдалд, хүмүүсийн ярианаас мэдэгдэж байгаа юм.

Иргэдийн мэдээлж байгаагаар унтаж байхад хөлний доороос доргилт өгч сэрсэн, гэрлийн бүрхүүл савласан, ор өшиглөж байгаа мэт болоод сэрсэн, ор чичирхийлэн хөдөлсөн, унтаж байгаа хүн сэрсэн, зарим нэг зүйлс савлан чичирхийлсэн зэрэг бодит байдал нэлээд ажиглагдсан байна. Ялангуяа байранд амьдардаг хүмүүс маш их хэмжээгээр мэдэрч, унтаж байгаад сэрсэн, хүнд машин давхиад өнгөрөх шиг болсон гэсэн мэдээлэл өгч байна.

Одоогийн байдлаар ямар нэгэн эвдрэл гэмтэл, цууралт өгсөн мэдээлэл ирээгүй байна.

2017 он гарснаас хойш Ховд аймгийн нутаг дэвсгэрт хамаарах сулавтар газар хөдлөлтийн тоо 1000 гаруй удаа бүртгэгдээд байна.

Энэхүү хөдлөл нь Ховд аймгийн хувьд сүүлийн 5 жилийн хугацаанд мэдрэгдэж байгаа мэдэгдэм хүчтэй газар хөдлөлт юм. Одоогийн байдлаар давтан хөдлөлтийн тоо харьцангуй бага магнитуд нь 2-оос дээш хөдлөл 2-3 удаа болоод байна.

А.Бямбасүрэн

 

Холбоотой мэдээ