Залуучуудад хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэхийг уриалав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2017-03-07 17:28:06

Улаанбаатар/МОНЦАМЭ/.Охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоохын төлөө олон улсын арга хэмжээг дэмжих “Даван туулагчдын дуу хоолой” баримтат гэрэл зургийн үзэсгэлэнг  "Mongolian Properties" компанийн Цирк дахь салбарт нээлээ.

 Тус арга хэмжээг Монголын эмэгтэйчүүдийн сангийн дэмжлэгээр “Хөөрхөн зүрхнүүдийн аян” ТББ болон хүний эрхийн чиглэлээр ажилладаг ТББ-ууд нэгдэн тав дахь жилдээ зохион байгуулж байна. “Даван туулагчдын дуу хоолой” баримтат гэрэл зургийн үзэсгэлэнг зохион байгуулахад Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар дэмжин ажиллалаа.

"Хөөрхөн зүрхнүүдийн аян” ТББ-ын удирдах зөвлөлийн тэргүүн Т. Амартүвшин ярихдаа, “НҮБ-аас гаргасан судалгаагаар дэлхий дээр гурван эмэгтэй тутмын нэг нь амьдралдаа ямар нэг төрлийн хүчирхийлэлд өртдөг. Бид энэ арга хэмжээг гэр бүлийн болон бэлгийн хүчирхийлэлд өртсөн хохирогчдод дэмжлэг үзүүлэх, хүчирхийллийн хохирогчдыг буруутгах хандлагыг халах, хүний эрхэд суурилсан аргачлалаар үйлчилгээ үзүүлэхэд нөлөөлөх зорилгоор зохион байгуулж байна. Хүчирхийлэлд өртсөн хүмүүсийн сэтгэлийн шарх насан туршдаа арилдаггүй. Дэлхий дээр хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдийн тоо аль хэдийн нэг тэрбум болсон. Тиймээс хүн бүр хүчирхийллийн эсрэг нэгдэж дуу хоолойгоо нэгтгэх хэрэгтэй” гэв.

 Энэ үеэр Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар нийгэмд эрүүл, эелдэг, хайр хүндэтгэл дүүрэн харилцааг төлөвшүүлэхэд залуу хүн бүр хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэхийг уриалсан юм.

М.Аминаа

Холбоотой мэдээ