Анхны сансрын нисгэгч эмэгтэй 80 насныхаа ойг тэмдэглэж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭММОСКВА. /TASS/. Дэлхийн анхны сансрын нисгэгч эмэгтэй, ЗХУ-ын баатар, хошууч-генерал цолтой анхны эмэгтэй, “Зууны эмэгтэй”, Төрийн Думын депутат Валентина Терешкова даваа гарагт 80 насныхаа ойг тэмдэглэнэ.
Ойн өдөр Төрийн Думын доод танхимд анхны сансрын нисгэгч эмэгтэйн төрсөн өдөрт зориулсан үзэсгэлэн нээгдэж, 1963 оны 6 дугаар сарын 16-нд Валентина Терешкова сансарт нисч байсныг харуулсан үзмэрүүд тавигдана.
Ойд зориулсан “Цахлай. Анхны нислэг” үзэсгэлэнд Валентина Терешкова сансарт нисэхдээ хэрэглэж байсан 400 кг жинтэй “Восток” загварын аврах суудал /катапульт/, “СК-2” загварын сансрын нисгэгчийн өмсгөл, Терешковагийн өмсч байсан 40 кг-ийн жинтэй, хөх өнгийн агааржуулагчтай хувцас зэрэг үзмэрүүдийг дэлгэн тавих аж. Түүнчлэн “Восток-6” хөлгийн бүхээгийн журналын хуулбар зэрэг олон сонирхолтой үзмэрүүд бий.
Үүнээс гадна, дэлхийд анх удаагаа Саран дээр зөөлөн буулт хийсэн “Луна-9” автомат станцын буугч аппарат, гараг хоорондын “Луна-16” автомат станцын сарны шороотой капсулыг тээвэрлэхэд зориулагдсан жижиг чингэлэг, дэлхийн анхны хиймэл дагуулын том оврын загвар /макет/ “Восток” пуужин зөөгч, РД-107 пуужингийн хөдөлгүүрийн загваруудыг дэлгэн үзүүлнэ.
Валентина Терешковагийн 80 насны ойд зориулсан арга хэмжээнүүд Праг, Ром, Ханой зэрэг хотуудад болох ажээ.
О.Барс