Сансрын хог хаягдлын асуудлыг яаралтай шийдвэрлэхийг уриалж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
dorjkhand@montsame.mn
2017-03-03 13:53:52

ТОКИО. /Nikkei/. Сансрын хог хаягдлын асуудлыг шийдвэрлэхийн тулд олон улсын хэмжээнд үйлчлэх дүрэм журмыг яаралтай боловсруулан гаргахыг сансрын хог хаягдлын асуудлаарх олон улсын бага хуралд оролцогчид уриаллаа.

Японы Засгийн газраас пүрэв гарагт Токио хотноо зохион байгуулсан уг бага хуралд 300 орчим хүн, тэдний дотор Япон, АНУ болон Европын улсуудын сансар судлалын албаны хүмүүс оролцсон байна.

ӨАБНУ-ын Кейптауны их сургуулийн профессор Питер Мартинес сансрын хог хаягдлын асуудлыг шийдвэрлэхээр НҮБ-тай хамтран ажиллаж байгаа аж.

Түүний хэлснээр, дэлхийн олон улс орнуудын сансрын техник, тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг компаниуд цаашдаа илүү олон тооны хиймэл дагуул хөөргөх төлөвтэй байна. Иймээс ажиллахаа больсон хиймэл дагуулууд сансарт хог хаягдал болохоос урьдчилан сэргийлэх технологийг боловсруулж, энэ асуудлыг зохицуулах олон улсын дүрэм журмыг яаралтай гаргах хэрэгтэй байна гэж тэрбээр хэлэв.

Хүний гараар бий болсон, 10 см-ээс багагүй хэмжээтэй 20 мянга гаруй биет дэлхийг тойрон эргэж байдаг гэнэ. Ийм хог хаягдлууд нь ажиллаж байгаа хиймэл дагуул болон сансрын хөлгүүдийн хувьд томоохон аюул болдог.

Хувийн компаниуд хямд өртгөөр жижигхэн хиймэл дагуулууд хөөргөх нь нэмэгдсээр байна. Хэрвээ сансрын хогны асуудлыг шийдвэрлэх арга хэмжээ авахгүй бол цаашид сансрыг хөгжүүлэхэд эрсдэл тулгарч магадгүй гэж шинжээчид анхаарууллаа.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ