Гэр бүлийн хүчирхийллээс сэргийлэх түр хамгаалах байр тохижуулжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2017-02-26 11:09:38

Тахиа жилийн босгон дээр БЗД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, зорилгоор Эрх зүйн туслалцаа үзүүлэх, түр хамгаалах байрыг тохижуулж ашиглалтад өглөө.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль хоёрдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан дээрх байрыг тохижуулжээ. 

БЗД-ийн Цагдаагийн II хэлтсийн Нийтийн хэв журмыг хамгаалах тасгийн дарга М.Эрдэнэбилэг ярихдаа, “Гэр бүлийн хүчирхийлэлд өртөж хохирсон иргэд ихэвчлэн шөнө оройн цагаар цагдаагийн байгууллагад ханддаг. Эдгээр иргэдийг нийслэлийн бусад хамгаалах байруудад хүргэх боломжгүй болон ачаалал ихтэй үед энэ төвдөө байлгаж аюулгүй байдлыг  хангаж, эрх зүйн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх юм. Үүнээс гадна төөрсөн болон эцэг, эхийн хараа хяналтгүй хүүхдүүд ирэх тохиолдол бий. Эдгээр хүүхдийг хүлээлгийн танхимд согтуу болон гэмт хэрэг, зөрчилд холбогдсон хүмүүстэй хамт байлгахгүйгээр ахуйн хүрээний орчинд байлгаж, аюулгүй байдлыг хангах боломж бүрдлээ" гэв.

Дээрх төвийг Дэлхийн зөн Дарь-Эх орон нутгийн хөгжлийн төвөөс зургаан сая төгрөгийн санхүүжилт олгосон байна. Мөн тус хэлтсийн хамт олны дэмжлэгээр хоёр сая төгрөгийг шийдвэрлэж, нийт найман сая төгрөгөөр тохижуулсан байна.

 Б.Заяа

Холбоотой мэдээ