НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн бүсийн захирал Хаолян Шу Хэнтий аймагт ажиллав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-02-24 22:17:00

Хэнтий /МОНЦАМЭ/. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Ази-Номхон далайн бүсийн захирал ноён Хаолян Шу, НҮБ-ын суурин Зохицуулагч, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол дахь суурин төлөөлөгч хатагтай Биата Транкман нар өчигдөр Хэнтий аймагт айлчиллаа.

Тэднийг УИХ-ын гишүүн Д.Гантулга, Хэнтий аймгийн ИТХ-ын дарга Л.Батсайхан, аймгийн Онцгой байдлын газрын дарга хурандаа Д.Батжаргал, Жаргалтхаан сумын удирдлагууд  угтаж авав.

Зочид Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын нэгдүгээр багийн малчин Б.Баттөрийнд бууж, малчдын ажил амьдралтай танилцлаа. Б.Баттөр энэ жил ажил, үйлсээрээ шалгарч “Аймгийн аварга малчин” болсон бөгөөд эднийх НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн төслийн бүлэг байгуулсан айлуудын нэг юм байна. Тиймээс НҮБ-ын удирдлагууд Б.Баттөрийнд  зочлох үеэрээ гамшгийн эрсдэлийг бууруулах төслийн үр шимийг хүртэж байгаагийн хувьд санал сэтгэгдлийг нь сонсон юм.

Дараагийн айл болох өрх толгойлсон эмэгтэй н.Алтангэрэлийн гэрээр зочилж, НҮБ-ын удирдлагууд гарын бэлэг гардууллаа. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Ази-Номхон далайн бүсийн захирал ноён Хаолян Шу иргэн н.Алтангэрэлд тусламж дэмжлэг үзүүлэхээр боллоо. 

Зочид төлөөлөгчид аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын www.khural.mn сайтын үйл ажиллагаатай танилцаж, аймгийн Засаг дарга Н.Ганбямба болон бусад албаны хүмүүстэй уулзалт хийгээд өнөөдөр буцлаа.

Д.Одонтунгалаг

Холбоотой мэдээ