ЮНИСЕФ: 1.4 сая хүүхэд өлсч үхэх эрсдэлд ороод байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2017-02-22 09:28:17

ЮНИСЕФ. /Anadolu/. Нигери, Сомали, Өмнөд Судан болон Йемен улсын нэг сая гаруй хүүхдэд өлсч үхэх аюул нүүрлээд байна гэж НҮБ-ын Хүүхдийн сан /ЮНИСЕФ/ анхаарууллаа.

ЮНИСЕФ мягмар гарагт яаралтай мэдэгдэл гаргасан байна.

Уг мэдэгдэлд дурдсанаар, хүнсний хомсдол болон тусламж дутагдалтай байгаагийн улмаас энэ онд тус дөрвөн улсад 1.4 сая хүүхэд амиа алдаж болзошгүй байна.

НҮБ энэ даваа гарагт “Өмнөд Суданы зарим бүс нутаг өлсгөлөнд нэрвэгдээд байна” гэж албан ёсоор зарласан юм. Зүүн Африкийн тус улсад засгийн газар болон сөрөг хүчнийхний хооронд зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр байгаа билээ.

Нигерийн зүүн хойд нутагт тэжээлийн архаг дутагдалд орсон хүүхдүүдийн тоо энэ онд 450 мянгад хүрч болзошгүй гэж ЮНИСЕФ анхаарууллаа. Тус улсын зүүн хойд нутгийн мужуудад лалын босогчдын “Боко Харам” бүлэглэл байнга халдлага, дэлбэрэлт үйлдсээр байгаа юм.

Хүүхдүүдийн амь насыг аврахад туслахыг олон улсын хамтын нийгэмлэгт хандан ЮНИСЕФ-ийн гүйцэтгэх захирал Энтони Лейк уриаллаа.

Г.Доржханд

 

 

 

Холбоотой мэдээ