АНУ, ОХУ санамж бичигт гарын зурж магадгүй

Дэлхийд | Улс төр
nyamtulga@montsame.mn
2015-10-20 10:52:05

ВАШИНГТОН. /VOA/. Сирийн агаарын орон зайд аюулгүй ажиллагаа явуулах тухай харилцан ойлголцлын санамж бичигт ОХУ, АНУ өнөөдөр гарын үсэг зурах төлөвтэй байна гэж Пентагон мэдэгдэв.

Баримт бичгийг найруулж, гарын үсэг зурах л үлдээд байна гэж Пентагоны хэвлэлийн төлөөлөгч Тэнгисийн цэргийн ахмад Жефф Дэвис мэдэгджээ.

ОХУ-тай байгуулсан агаарын удирдамж нь талууд Сирид хэрхэн үйл ажиллагаа явуулж болох тухай өргөн хүрээтэй гэрээний нэг хэсэг биш гэдгийг Дэвис онцолсон байна. АНУ болон ОХУ хоёулаа Сирид агаарын цохилт өгч байгаа бөгөөд тус улсын агаарын орон зайд хоёр орны нисэх онгоцнууд мөргөлдөж болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх зорилготой байна.

“Энэ нь зөвхөн агаарын орон зайн аюулгүй байдлыг хангахад чиглэсэн санамж бичиг бөгөөд хэлэлцээр биш. Сирид явуулж байгаа ОХУ-ын ажиллагаатай бид бүрэн санал нийлэхгүй байгаа” гэж тэрбээр мэдэгджээ.

Харилцаа холбооны радио долгионы сонголт болон Сирийн агаарын орон зайн мэдээллийг мэргэжлийн түвшинд солилцох зэрэг аюулгүй байдлын арга хэмжээ уг харилцан ойлголцлын санамж бичигт багтана гэж тэрбээр мэдэгдсэн байна.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ