Ким Жөн Намын цогцсыг шилжүүлэн өгөхийг Пхеньян хүсчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ
dorjkhand@montsame.mn
2017-02-16 08:13:17

ПХЕНЬЯН. /ВВС/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны эцэг нэгтэй ах болох Ким Жөн Намын цогцсыг шилжүүлэн өгөх хүсэлтийг Пхеньян гаргажээ.

Энэ долоо хоногийн даваа гарагт Малайзын нийслэл Куала-Лумпур хотын нисэх онгоцны буудалд нислэгээ хүлээж байхад нь Ким Жөн Намыг үл таних этгээдүүд хортой зүүгээр хатган хөнөөсөн юм.

Малайзын холбогдох албаны хүмүүс Жөн Намын үхлийн шалтгааныг тогтоохын тулд түүний цогцсонд задлан шинжилгээ хийж байгаа аж. Задлан шинжилгээ хийхийг Пхеньян эсэргүүцсэн гэсэн мэдээлэл байна.

Түүний үхэлтэй холбогдуулан Малайзын цагдаа нар өчигдөр 28 настай Доан Тхи Хыонг гэгч эмэгтэйг баривчилсан бөгөөд одоо хамсаатнуудыг нь эрэн сурвалжилж байна. Баривчлах үед энэ эмэгтэй ганцаараа байсан бөгөөд Вьетнамын аяллын паспорттай байжээ. Энэ эмэгтэй нь нисэх онгоцны буудлын CCTV хяналтын камерт буусан дүрс бичлэг дэх эмэгтэй мөн аж.

Эх сурвалжийн мэдээлснээр, Умард Солонгосын тал Жөн Намын цогцсыг шилжүүлэн өгөх хүсэлт тавихаар задлан шинжилгээ хийж буй эмнэлэг рүү хэд хэдэн төлөөлөгчөө илгээжээ.

Малайзын тал Умард Солонгосын хүсэлтийг хүлээж аваагүй бололтой. Нэгэн эх сурвалж хэлэхдээ “Малайзад хэн ч шахалт үзүүлж чадахгүй. Бид зохих журмын дагуу ажиллах болно” гэжээ.

Умардын тагнуулчид болох хоёр эмэгтэй Жөн Намыг хөнөөгөөд, хэргийн газраас таксигаар оргон зайлсан гэж Өмнөд Солонгосын эх сурвалжууд мэдээлж байгаа юм. Харин Малайзын цагдаа нар энэ мэдээллийг  нотлоогүй байна.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ