Нээн илрүүлсэн нефтийн ордын тоо эрс цөөрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
bars@montsame.mn
2017-02-14 12:15:17

МОСКВА. /TASS/. Өнгөрсөн 2016 он нь газрын тос, байгалийн хийн нээн илрүүлсэн ордын тоогоор хамгийн "ядмаг жил" байлаа. Сүүлийн 60 жилийн хугацаанд жил бүр дунджаар 400-500 ордыг шинээр нээдэг байсан бол 2016 онд ердөө 174-хөн ордыг илрүүлсэн байна гэж Америкийн HIS Markit гэдэг зөвлөгөө өгөх компанийн тайланд дурдсаныг Financial Times сонин иш татжээ.

Газрын тос, хийн компаниуд геологи хайгуулын ажилд зарцуулах хөрөнгийн хэмжээгээ багасгаснаас гадна томоохон ордуудыг илрүүлэх нь улам бүр хэцүү болж байна гэж шинжээчид тайлбарлажээ. Тэдний тооцоолсноор, өнгөрсөн онд нээн илрүүлсэн нөөцийн нийт хэмжээ газрын тосонд шилжүүлснээр ердөө 8,2 тэрбум баррель байжээ.

Ордыг нээн илрүүлснээс хойш олборлолт эхлэх хүртэл дунджаар 5-7 жил өнгөрдөг байна. Үүний сацуу газрын тосны хайгуулын салбар хямралд орсон нь эрчим хүчний эх үүсвэрийн өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг ойрын хэдэн арван жилийн хугацаанд Америкийн занарын тосоор хангахад хүрч болзошгүй юм.

Хайгуулын өрөмдлөгийн ажил одоо далай тэнгисийн ордууд дээр төвлөрөх болсон ба нэг цооногийн өртөг 150 сая ам.долларт хүрч магадгүй байна. Ер нь бол, таван цооног өрөмдөхөд ердөө нэгээс нь л газрын тос гарах магадлалтай байдаг аж.

Харин занарын тосны цооногийн өрөмдлөгийн өртөг дунджаар 4-10 сая ам.долларт багтдаг төдийгүй олборлолтыг ердөө хэдхэн долоо хоногийн эхлэх боломжтой байдаг.  Харин далайд цооног өрөмдөхөд дунджаар 5 жилийн хугацаа шаардлагатай. “Газрын тосыг хад чулуунаас гарган авах нь илүү хялбар бололтой” гэж HIS –ийн шинжээч Боб Фрайкленд ярьж байна.

Үүний зэрэгцээ Wood Mackezie гэдэг зөвлөгөө өгөх өөр нэг компанийн шинжээчид "энэ онд геологи хайгуулын ажил ялимгүй идэвхжинэ" гэж үзжээ. Тэдний тооцоолсноор, 2017 онд дэлхий даяар нийтдээ 500 гаруй цооног өрөмдсөнөөр шинээр их хэмжээний нөөц илрэх магадлалтай аж.

Өнгөрсөн онд нээгдсэн хоёр томоохон орд нь хоёулаа АНУ-д байгаа нь олзуурхууштай гэж FT онцлон тэмдэглэжээ. Энэ нь Аляскт 4 тэрбум баррелийн нөөц бүхий газрын тосны ордыг Caelus Energy компани, мөн Аляскийн эх газрын хэсэгт 300 сая баррелийн нөөцтэй ордыг ConocoPhillips компани тус тус нээснийг хэлж байгаа хэрэг юм.

О.Барс

 

 


 

Холбоотой мэдээ