Курилийн жижиг арлуудад нэр өгснийг Токио эсэргүүцлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-02-14 11:29:46

ТОКИО. /ТАСС/.Курилийн арлуудын нэргүй таван аралд ОХУ  нэр өгснийг Японы Засгийн газар эсэргүүцэж байна. Японы Сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Ёшихидэ Сүга  энэ тухай мэдэгдлээ. 

Тэрбээр хэлэхдээ “энэ бол байж боломгүй үйлдэл бөгөөд Японы байр суурьтай зөрчилдөж байна. Бид хоёрдугаар сарын 13-ны өдөр ОХУ-ын талд дипломат шугамаар эсэргүүцлээ илэрхийлсэн мэдэгдэл илгээсэн” гэжээ.

Курилийн арлуудын нэргүй таван аралд нэр өгөх тухай захирамжийг ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев гаргасан байна. Уг захирамжид “газарзүйн объектуудад нэр өгөх тухай” холбооны хууль болон Сахалин мужийн Думын саналыг үндэслэн дэслэгч генерал К.Н.Деревянко, дэслэгч генерал А.Р.Гнечко, төрийн зүтгэлтэн, дипломатч А.А.Громыко, төрийн зүтгэлтэн, мужийн захирагч И.П.Фархутдинов болон ахмад А.И.Щетинина нарын гэгээн дурсгалыг мөнхжүүлэх үүднээс Сахалины бүс нутагт орших газарзүйн объектуудад нэр оноосугай” гэж дурдсан байна.

Б.Мишээл

 

Холбоотой мэдээ