Венесуэлийн дэд Ерөнхийлөгчийг хоригийн жагсаалтанд оруулжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРВАШИНГТОН./TASS/. Хар тамхины наймаатай холбоотой гэсэн үндэслэлээр Венесуэлийн дэд Ерөнхийлөгч Тарек эль-Айссамийг АНУ-ын эрх баригчид хоригийн жагсаалтад орууллаа.
Эль Ассамигаас гадна уг жагсаалтад Венесуэлийн өөр нэгэн иргэн, 13 үйлдвэрийн газар /тэдгээрийн 5 нь Венесуэльд бүртгэлтэй/, мөн АНУ-д бүртгэлтэй нэг агаарын хөлөг оржээ.
Сэтгүүлчдэд зориулсан хэвлэлийн бага хурлын үеэр Америкийн өндөр албан тушаалын төлөөлөгч тайлбарлахдаа "эдгээр нэр бүхий хувь хүн, байгууллагуудыг хоригийн жагсаалтанд оруулсан явдал бол Венесуэль улсад өгсөн улс төр, эдийн засаг, дипломатын дохио сануулга биш юм" гэжээ.
“Энэхүү арга хэмжээ нь зөвхөн хууль бус хар тамхины наймаатай тэмцэхийн тулд хийсэн алхам" гэдгийг тэрбээр онцоллоо.
Түүний өгсөн мэдээлэлд, эль-Айссами нь Венесуэлиэс 1 мянга гаруй кг хар тамхийг бусад улс орнууд, түүний дотор Мексик, АНУ руу хууль бусаар гаргасан гэж дурджээ. Үүний сацуу тэрбээр Венесуэлийн бусад хар тамхины наймаачдын үйл ажиллагааг зохицуулж байжээ.
Харин Самарка Лопесын хувьд, тэрбээр эль-Айссамийн хамсаатан бөгөөд түүнд санхүүгийн талаар туслалцаа үзүүлдэг байв.
Дээрх шийдвэр гарахын өмнө Америкийн 34 хууль тогтоогч АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампад хандан, Венесуэлийн Засгийн газар дахь авлига, хээл хахууль, хүний эрхийг зөрчсөн хэрэгт холбоотой албан тушаалтнуудын эсрэг нэн даруй хориг арга хэмжээ авахыг уриалсан албан бичиг илгээсэн юм.
Мөн эдгээр хууль тогтоогчид эль-Айссами Ойрхи Дорнодын алан хядагчид болон хар тамхины бизнесийг дэмждэг тухай хэвлэлүүдэд гарсан мэдээллийг шалгахыг Трампаас хүсчээ.
Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро 1 дүгээр сард эль-Айссамийн бүрэн эрхийн хүрээг эрс өргөжүүлснээр дэд Ерөнхийлөгчийн хувьд шинээр нийтдээ 15 үүргийг гүйцэтгэх болжээ.
О.Барс