Пхеньян: Баллистик пуужингийн туршилт амжилттай болсон

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-02-13 08:54:36

ЛОНДОН./ВВС/. Ням гарагт удирдагч Ким Жөн Уны удирдан явуулсан баллистик пуужингийн туршилт амжилттай болсон тухай Умард Солонгосын мэдээллийн КСNA агентлаг мэдэгдлээ.

Уг пуужин нь “газар-газар" ангиллын дундаас холын зайн тусгалтай баллистик пуужин ажээ.

Өмнөд Солонгосын БХЯ энэ туршилтыг “АНУ-ын шинэ Ерөнхийлөгч Дональд Трамп Пхеньяны талаар ямар бодлого баримтлахыг тандан мэдэх зорилгоор хийсэн өдөөн хатгалга” гэж тодорхойлсон юм.

Умард Солонгос пуужин харвасныг олон улс эрс зэмлэн буруушааж байна.

Өчигдөр өглөө харван туршсан стратегийн шинэ зэвсэг болох “Pukguksong-2” пуужин нь цөмийн цэнэгт хошуу тээх хүчин чадалтай аж.

Уг пуужин нь хатуу түлшээр ажилладаг хөдөлгүүртэй бөгөөд ийм хөдөлгүүр нь баллистик пуужингийн хүч болон тусгалыг нэмэгдүүлдэг байна.

Өмнөд Солонгос болон АНУ-ын албаны хүмүүийн хэлснээр, Умард Солонгосын тал орон нутгийн цагаар ням гарагийн өглөөний 07:55 цагт Солонгосын хойгийн баруун хэсэгт орших Умард Пёнган аймгаас харвасан баллистик пуужин 500 км замыг туулан нисээд Япон тэнгист унажээ.

Японы нутаг дэвсгэрт унахаас сэргийлэн пуужингийн тусгалын зайг зориуд богиносгон программчилсан байж магадгүй гэж шинжээчид үзэж байна.

Умард Солонгосыг цөмийн зэвсэгтэй улс болгохгүйн тулд тус улсыг баллистик пуужингийн туршилт хийхийг НҮБ хориглосон хэдий ч Пхеньян цөмийн болон пуужингийн туршилт хийсээр байна.

Тус улс энэ он гарснаас хойш анх удаагаа пуужин хөөргөн туршсан нь энэ юм. Пхеньян өнгөрсөн онд нийтдээ 20 гаруй баллистик пуужин харважээ.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ