Ш.Абэ Вашингтонд ирлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-02-10 09:43:36

ТОКИО./Kyodo/. Японы Ерөнхий сайд Шинзо Абэ АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай анх удаа Дээд хэмжээний уулзалтаа хийхээр Вашингтон хотноо хүрэлцэн ирлээ.

Ш.Абэгийн хувьд энэхүү уулзалт нь Д.Трамптай харилцан итгэлцлийн харилцааг бий болгож, хоёр талын харилцааны ач холбогдлыг онцлох боломж юм. Ази-Номхон далайн бүс нутаг болон дэлхий дахины энх тайван, тогтвортой байдлыг хамгаалахад АНУ-тай хамтран ажиллахаар тохиролцохоор Ш.Абэ эрмэлзэж байна.

Мөн хоёр талын аюулгүй байдлын гэрээний хүрээнд Дорнод Хятадын тэнгисийн Сэнкакү арлуудыг хамгаалах үүрэг хариуцлагыг Японы Ерөнхий сайд уг уулзалтын үеэр тодруулахыг хүсч байна.

Эдгээр арал нь Японы хяналтад байдаг боловч Хятад болон Тайвань өөрийн харьяаных гэж үздэг.

Японы тал мөн АНУ-тай харилцан ашигтай эдийн засгийн харилцааг бий болгохыг эрмэлзэж байна. Эдийн засгийн асуудлууд, тэдгээрийн дотор макро эдийн засгийн арга хэмжээ, худалдааны бодлого болон дэд бүтцийг сайжруулах хамтарсан төсөл хэрэгжүүлэх зэргийг хэлэлцэхийн тулд хоёр улсын засгийн газрын түвшинд шинэ тогтолцоо бий болгохоор Ш.Абэ төлөвлөж байгаа ажээ.

Ш.Абэгийн дэмждэг байсан “Номхон далай дамнасан түншлэл” чөлөөт худалдааны хэлэлцээрээс АНУ-ыг гаргах шийдвэрийг Д.Трамп тангараг өргөснийхөө дараа гаргасан билээ. Д.Трамп үүний оронд улс орнуудтай хоёр талын худалдааны хэлэлцээр байгуулах бодолтой байна. Санхүү, гадаад валютын бодлого болон автомашины зах зээлтэй нь холбоотойгоор Японыг  Д.Трамп нэг бус удаа шүүмжилж байсан юм.

Өнөөдөр болох дээд хэмжээний уулзалтын үеэр талууд эдийн засгийн асуудлаар тохиролцоонд хүрч чадах эсэх нь ажиглагчдын анхаарлыг татаж байна.

Г.Доржханд

 

 

Холбоотой мэдээ