Шинээр сонгогдсон Багийн Засаг дарга нар батламж, тамгаа гардаж авлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2017-02-07 22:17:39

Дархан-Уул Дархан сумын 18 багийн Иргэдийн Нийтийн анхдугаар хуралдаан өчигдөр нэгэн зэрэг эхлэв.

“Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль”-ийн 23 дугаар зүйлийн 23.10-д заасны дагуу БИНХ-д тухайн багийн нийт өрхийн 20-30 өрх тутмаас нэг төлөөлөл оролцвол хуралдаан хүчинтэйд тооцогддог. Энэ удаагийн ИНХ-д тус сумын бүх багуудын иргэдийн идэвх оролцоо 90-ээс дээш хувийн ирцтэй болж өнгөрөв.

Хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллын дагуу БИНХ-ын дарга, тэргүүлэгчид, багийн Засаг даргад нэр дэвшигчдийг тодруулж сонгосон байна. Хурлын дотоод дэгийн дагуу тус хуралдаанаар нийт 18 багийн хэмжээнд багийн ИНХ-ын даргад 36, БИНХ-ын тэргүүлэгчдэд 70, багийн Засаг даргад 36 хүн тус тус өрсөлдөж санал хураалтад оролцлоо. Санал хураалт өндөрлөж сонгогдсон багийн ИНХ-ын дарга, тэргүүлэгчид хуралдаж иргэдийн саналаар сонгогдсон багийн Засаг дарга нарыг сумын Засаг даргад батламжуулахаар өргөн мэдүүлснээр сумын Засаг дарга батламжилж батламж, тамга тэмдэгийг нь гардууллаа.

Сумын Засаг дарга Б.Азжаргал: “Манай сумын Багийн ИНХ бүх 18 багт нэгэн зэрэг амжилттай болж өндөрлөлөө. Бүх багуудын иргэд идэвхтэй сайн оролцож баг тус бүрт ирц 90-ээс дээш хувьтай оролцсон нь өндөр үзүүлэлт юм. Багт нэр дэвшсэн бүх хүмүүс мөрийн хөтөлбөрөө танилцуулж тэдгээрээс сонголт хийж иргэд маань багийнхаа удирдлагуудыг сонгосон нь иргэдийн маань өөрсдийнх нь сонголт юм. Тиймээс иргэдийнхээ итгэлийг хүлээж сонгогдсон бүх багийн Засаг дарга нарынхаа ажлыг сумаас байнга дэмжиж ажиллах болно” гэв.

                                                                                                                                                      Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ