Шүүхийн шийдвэрээр 50 Cent-ийг дампуурсанд тооцсонгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
bars@montsame.mn
2017-02-03 15:16:00

НЬЮ-ЙОРК. /TASS/. Коннектикут муж улсын Холбооны шүүх рэп стилээр дуулдаг нэрт дуучин Кертис Жеймс Жексон /“50 Cent” гэдэг тайзны нууц нэртэй/ төлбөрийн чадваргүй болсон эсэхийг тодорхойлох хэргийг хэрэгсэхгүй болгов. Тэрбээр зээлдүүлэгчдэд 22 сая гаруй долларыг төлсөн бөгөөд үүнээс хойш түүнийг дампуурсанд тооцохгүй болж байна.

"Rolling Stone"  сэтгүүлд бичсэнээр, 50 сеnt нь өөрийн хөрөнгөнөөсөө 8,7 сая долларыг гаргаж, харин шүүхийн шийдвэрээр өөр хэргээр нөхөн төлбөр болгон түүнд олгосон 13,65 сая доллароор өрөө даржээ.

50 Cent өөрийгөө дампуурсан гэдгийг 2015 оны 7 дугаар сард зарласан юм. Тэр үед тэрбээр хөрөнгийн хэмжээгээ 20 сая доллароос хэтрэхгүй, харин өр нь 36 сая доллароос давсан гэж мэдэгдэж байжээ. Гэтэл үүнээс ердөө хоёрхон сарын өмнө "Forbes" сэтгүүлд дуучны хөрөнгийн хэмжээг 155 сая доллароор үнэлснээр тэрбээр хамгийн баян дуучдын жагсаалтын дөрөвдүгээрт орж байжээ.

Ластони Левистон гэгчид нэр төрийг нь гутаасан мэдээлэл тараасныхаа төлөө нөхөн төлбөр болгож 5 сая долларыг  50 cent-ээр төлүүлэх  шийдвэр гарснаас хойш гуравхан хоногийн дараа АНУ-ын Дампуурлын тухай хуулийн 11-р зүйлд заасны дагуу тэрбээр дампуурлаа зарлах тухай хүсэлтээ шүүхэд гаргажээ.

Үүнээс гадна, 50 Cent нь өөр нэгэн хэрэгт буруутгагдан шүүх дээр ялагдал хүлээсэн бөгөөд түүнээс 17 сая долларыг гаргуулахаар болжээ.

АНУ-ын Дампуурлын тухай хуулийн 11-р зүйлийн заалтуудыг тухайн компани эсвэл хувь хүн өрөө төлөх чадваргүй болж, өрийнхөө бүтцийг өөрчлүүлэхээр шүүхэд хандах тохиолдолд хэрэглэдэг. Шүүхээр хэргийг авч хэлэлцэх хугацаанд хөрөнгийн удирдлагыг томилогдсон этгээд эсвэл өртөн өөрөө гүйцэтгэж болдог байна.

О. Барс

 

Холбоотой мэдээ