Солирыг наран талаас нь ажиглах дуран авай байрлуулна

Дэлхийд | Шинжлэх ухаан
bars@montsame.mn
2017-02-03 14:18:13

ЕКАТЕРИНБУРГ. /TASS/. Оросын эрдэмтэд Дэлхийд ойртдог солируудыг наран талаас нь ажиглах зорилгоор дэлхийгээс 1,5 сая км-ийн зайд дуран авай /телескоп/ байрлуулах санал дэвшүүлжээ. Энэ тухай Оросын ШУА-ийн Одон орны хүрээлэнгийн захирал Борис Шустов Свердловск мужид болсон “Сансрын физик” эрдэм шинжилгээний хурлын үеэр мэдээлжээ.

"Челябинскийн үйл явдал /”Челябинск” солир/ нь Нарны талаас ойртон ирж буй биетийг газар дээрх болон дэлхийн орчмын тойрог замд байрлуулсан ямар ч төхөөрөмжөөр илрүүлэх боломжгүй гэдгийг тов тодорхой харуулсан билээ. Энэ тохиолдолд дуран авайнууд нь сохортой адил бол радио төхөөрөмжүүд нь хэдхэн мянган км-ийн зайд ажилладаг. Харин хүн амд урьдчилан анхааруулж, унах газрыг нь тодорхойлохын тулд аюултай биетийг хавьгүй хол зайнаас илрүүлэх хэрэгтэй байдаг. Тэгэхээр ийм ажиглалтыг дэлхийгээс алс холд байрлуулсан дуран авайгаар хийх боломжтой. Ийм дуран авайг Лагранжа L1 гэдэг цэгийн орчимд байрлуулахыг бид санал болгож байна. Энэ цэг нь манай гарагаас 1,5 сая км-ийн зайд Дэлхий, Нар хоёрын дунд оршдог” хэмээн Б.Шустров ярьж байна.

Дуран авай байрлуулах төслийг “СОДА” гэж нэрлэсэн /өдрийн бичил гаригуудыг илрүүлэх систем/ ажээ. 

“Бид саналаа олон улсын эрдэмтдээр хэлэлцүүлэх болно. 5 дугаар сард Токиод болох дэлхийг хамгаалах асуудлаарх эрдэм шинжилгээний бага хурал Оросын эрдэмтэд оролцоно” гэдгийг Б.Шустров дурдлаа.

“Челябинск” солир 2013 оны 2 дугаар сарын 15-ны өдөр Москвагийн цагаар 07:10 цагийн орчимд орчимд дэлхийн агаар мандалд нэвтрэн, 23 км-ийн өндөрт асар хүчтэй дэлбэрэлт үүсгэж, түүний олон тооны бутарсан хэсгүүд нь Челябинск мужийн нутагт дэвсгэрт унасан билээ.

О. Барс

 

Холбоотой мэдээ