“Цагаан сар” үзэсгэлэн худалдаа болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2017-02-02 17:30:36

Жил бүрийн Сар шинийн баярын өмнө зохион байгуулагддаг “Цагаан сар” үзэсгэлэн худалдаа энэ сарын 20-22-ны өдрүүдэд Увс аймгийн Улаангом хотноо болох гэж байна.

Аймгийн ЗДТГ-аас энэ жилийн “Цагаан сар” үзэсгэлэн худалдааг өргөн цар хүрээтэй явуулахаар төлөвлөж бүх сумдад удирдамж хүргүүлээд байна. “Шинэ Улаангом зах” дээр зохион байгуулагдах энэхүү үзэсгэлэн худалдааны үеэр оролцогчдоос ямар нэгэн түрээсийн төлбөр авахгүй аж. Мөн ОХУ-ын Тува улсын ард иргэд рүү хандсан зар сурталчилгаа явуулж, Увс аймагт үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг ирж худалдан авахыг уриалаад байна. Ямартай ч Увсчууд сар шинийн баяраар ширээн дээрээ тавих хүнсний бүтээгдэхүүн, өмсөх хувцас, бэлэглэх зүйлсээ тус үзэсгэлэнгээс сонгох боломж бүрдэх нь. Цаг хугацааны хувьд иргэдийн цалин хөлс буух, хөдөө сумдынхан ирж оролцох боломж зэргийг харгалзан өдрөө товложээ.

“Тус үзэсгэлэн худалдаагаар орон нутагтаа үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийнхээ үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг худалдан борлуулах, дэмжлэг туслалцаа үзүүлэх, бизнесийн шинэ түншийн харилцаа холбоо тогтоох, зах зээлийг нь өргөжүүлэх бодлого барьж байна. Мөн дотооддоо үйлдвэрлэсэн, чанартай бараа бүтээгдэхүүнийг нэг дороос хямд үнээр авах боломжтой” хэмээн аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Б.Бат-Ерөөлт хэллээ.

Б.Батхүү
 

Холбоотой мэдээ