Р.Федерер 18 дахь удаагаа "Их дуулга"-д түрүүллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
dorjkhand@montsame.mn
2017-01-30 09:25:18

МЕЛЬБУРН. /Xinhua/. Швейцарийн талбайн теннисчин Рожер Федерер 18 дахь удаагаа “Их дуулга”-ын аварга боллоо. Тэрбээр өчигдөр орой “Австралийн нээлттэй тэмцээн”-ий шувтаргын тоглолтод Испанийн теннисчин Рафаэль Надалийг хожсон байна. Тэрбээр сүүлийн таван жилийн хугацаанд “Их дуулга”-д анх удаагаа түрүүлсэн нь энэ юм.

Өдгөө 35 настай Р.Федерер 6:4, 3:6, 6:1, 3:6 болон 6:3 онооны харьцаагаар өрсөлдөгчөө буулган авчээ.

Ингэснээр тэрбээр бүх цагийн үеийн түүхэн дэх “Их дуулга”-ын эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд хамгийн олон удаа түрүүлсэн тамирчдын жагсаалтыг тэргүүлж эхэллээ.

Хамгийн сүүлд тэрбээр 2012 онд Уимблдонд түрүүлж байжээ.

Р.Федерер ялсныхаа дараа ярилцлага өгөхдөө “би бараг сүүлийн 20 жил дараалан энэ талбайд гарч ирж байна. Би талбайд гарч ирэх бүртээ үргэлж аз жаргалтай байдаг. Миний гэр бүлийнхэн ч мөн адил” гэжээ.

Тэрбээр гурван өөр “Их дуулга”-д тав ба түүнээс олон удаа түрүүлсэн түүхэн дэх анхны тамирчин боллоо. Тэрбээр “Австралийн нээлттэй тэмцээн”-д 5 удаа, “АНУ-ын нээлттэй тэмцээн”-д 5 удаа болон Уимблдонд 7 удаа түрүүлээд байна.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ