Ахмадуудад жилд хоёр удаа “Насны хишиг” олгох хууль батлав
МОНГОЛЫН МЭДЭЭУИХ-ын чуулганы хуралдаанаар Ахмад настны тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж батлав.
Монгол Улсын хүн амын насны бүтэц өөрчлөгдөж, ахмад настны тоо жилээс жилд өсч байна. Хүн ам, орон сууцны 2010 оны тооллогын дүнгээр Монгол Улсад 60-аас дээш настан 151.2 мянга байсан бол 2013 онд 170.3 мянган болж нэмэгдсэн. Сүүлийн 10 жилд Монгол Улсын нийт хүн амын тоо 16.1 хувиар өссөн байхад ахмад настны тоо 21.9 хувиар нэмэгджээ. Үндэсний статистикийн хорооноос гаргасан хэтийн тооцоогоор манай улсын хүн ам 15 жилийн дараа насжих, дараагийн 2035 он гэхэд ахмад настны тоо хоёр дахин нэмэгдэх төлөвтэй байгаа юм.
Эдийн засаг хүндрэлтэй байгаа хэдий ч ахмад настны нийгмийн хамгааллыг сайжруулах, ая тухтай амьдрах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор Ахмад настны тухай хуулийн төслийг боловсруулсан байна. Хуулийн төсөлд 65 ба түүнээс дээш насны ахмад настанд 50-250 мянган төгрөгийн насны хишгийг жилд хоёр удаа буюу Цагаан сар, Үндэсний их баяр наадмын үеэр олгохоор тусгасан. Үүнд зориулан 2017 оны төсөвт 20.4 тэрбум төгрөг суулгажээ. Ахмад настанд үзүүлэх дэмжлэг, үйлчилгээг тэдний хэрэгцээ, хүсэл санаачилгад тулгуурлан үзүүлэхээр хуулийн төсөлд тусгаж, төрөл, хэлбэрийг өргөжүүлсэн нь одоогийн хүчин төгөлдөр мөрдөж байгаа хуулиас давуу талтай болсон хэмээн Засгийн газар үзжээ.
Ахмадуудыг насаар нь дөрөв ангилж байгаа нь ялгаварлан гадуурхахыг хориглосон Үндсэн хуулийн заалтыг зөрчиж байгаа юм бишүү хэмээн УИХ-ын гишүүн С.Эрдэнэ тодруулав. Өндөр настай ахмадуудаа “Насны хишиг” олгодог уламжлал Их Монгол Улсаас уламжилж ирсэн хэмээн УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороон дарга Л.Энх-Амгалан хэлээд, “Үндсэн хууль зөрчсөн гэж үзэхгүй. Энэ бол урт насалж байгаа ахмадуудаа дэмжих төрийн хишиг юм” гэлээ.
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, “Жилд 20 тэрбум төгрөг зарцуулна гэдэг нь бага мөнгө. Түүнчлэн жил ирэх тусам мөнгөний ханш суларч байна. Тиймээс ахмадуудад олгох мөнгөний хэмжээг нэмж болох уу” хэмээв. Эдийн засаг өссөн тохиолдолд “Насны хишиг”-ийг улиралд нэг удаа өгөх боломжийн талаар судалж байгаа хэмээн УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороон дарга Л.Энх-Амгалан хариулав.
УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, “Тэтгэвэрт гарчихаад ажил хийж байгаа ахмадад аж ахуйн нэгжүүд бага цалин өгдөг тухай гомдол ирсэн. Үүнийг хэрхэн шийдвэрлэх вэ” гэлээ. Хуулийн төсөлд тэтгэвэрт гарсан ахмад настныг төрийн бодлого, хууль, тогтоомж боловсруулах чиглэлд зөвлөгөө өгөх ажлын байраар хангахаар тусгасан гэдгийг ажлын хэсгээс хариулав. Мөн тэтгэвэр тогтоолгосноос хойш ажил хийж, төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийг 1.5 хувиар боддог. Үүнийг хоёр хувь болгохоор төлөвлөж байгааг хэллээ.
Түүнчлэн УИХ-ын гишүүд Монгол Улсын тэтгэврийн дундаж болон хамгийн бага, хамгийн их тэтгэвэрийн хэмжээг тодруулав. Одоогоор Монгол Улсын нийт тэтгэврийн дундаж нь 306 мянган төгрөг хамгийн бага нь 245 мянга байгааг ажлын хэсэг хэллээ.
Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 83.9 хувь дэмжиж, батлав.
Ч.Ариунболд