Мэргэжлийн боксчид Н.Төгсцогттой хүч үзэхээс эмээж байна
МОНГОЛЫН МЭДЭЭОлимп, ДАШТ-ий мөнгөн медальт, Монгол Улсын гавьяат тамирчин, өдгөө мэргэжлийн боксчин Нямбаярын Төгсцогт АНУ-д 3 удаагийн мэргэжлийн тулаанд хүч үзэж бүх өрсөлдөгчөө хүнд цохилтоор ялаад байгаа бөгөөд дараагийн өрсөлдөгч нь одоогоор тодроогүй байна.
Өнгөрсөн есдүгээр сарын 22-нд “Холливүүд фокс” телевизийн сувгаар түүний тулааныг дамжуулах ёстой байвч тодорхойгүй шалтгаанаар хойшилсон. Харин 10 дугаар сарын 14-нд Мексикийн алдарт боксчин Рикардо Фроанатай тулалдахаар товлосон ч дахиад л тодорхойгүй шалтгаанаар тоглолт болсонгүй. Энэ тулааныг ESPN сувгаар шууд дамжуулах байжээ. Р.Фроана нь мэргэжлийн боксын рингэнд 13 удаа тулалдахдаа 11 удаа ялж 2 удаа ялагдаад байгаа юм.
“Лос-Анжелес”-ын “Оранже Коунти Ханговер Центр”-т мэргэжлийн боксын тэмцээний хүчтэй өрсөлдөгч мэргэжлийн рингэнд 27 удаа ялж 7 удаа ялагдсан Марио Гонзалес Төгсцогттой 10 дугаар сарын 15-нд хүч үзэх байвч тодорхойгүй шалтгаанаар тулалдахгүй гэдгээ мэдэгджээ. Манай шилдэг боксчин Н.Төгсцогтоос мэргэжлийн шилдэг боксчид цэрвээд байгаа нь түүний хурдтай, хүчтэй цохилтоос эмээж буй бололтой гэсэн дүгнэлтийг мэргэжилтнүүд өгч байна.
Д.Өлзий