Байгаль хамгаалах чиглэлээр хамтарч ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2017-01-24 12:36:09

Увс нуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн Хамгаалалтын захиргаанаас энэ онд 11 байгууллагатай хамтарч ажиллахаар гэрээ байгуулаад байна.

Энэхүү гэрээний гол зорилго нь Байгаль хамгаалах хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийг хэрэгжүүлэх, тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтыг сайжруулах, Монгол улсын холбогдох хууль тогтоомж, дүрэм, журам, стандартын хэрэгжилтэнд байнгын хяналт тавьж ажиллахад оршиж байгаа аж.
Үүнээс гадна Увс нуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн Хамгаалалтын захиргааны хамт олон 2017 оны ажлын төлөвлөгөөгөө гаргаж хэлэлцүүлэг зохион байгуулсан байна. Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн байгаль орчны чиглэлээр авч хэрэгжүүлэх бодлогод "Ногоон аймаг" болох зорилт хамгийн эхэнд тусгагдсан. Иймээс ирэх он жилүүдэд мэргэжлийн байгууллагын зүгээс байгаль хамгаалах, нөхөн сэргээх чиглэлээр дорвитой ажлууд хийж хэрэгжүүлэх нь зүйтэй хэмээн тэд үзсэн байна.

Хэлэлцүүлгийг Увс нуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн Хамгаалалтын захиргааны дарга Б.Одсүрэн удирдан явуулсан бөгөөд бүх ажилчид нь оролцож санал бодлоо хэлжээ.

Б.Батхүү

 

Холбоотой мэдээ