Сүхбаатар аймагт сүүлийн гурван жил дараалан хонины цэцэг өвчин гарч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2017-01-23 16:16:53

Сүхбаатар  аймагт хонины цэцэг өвчин анх 1997 онд Эрдэнэцагаан  суманд гарчээ. Түүнээс хойш 2006 онд долоон сумын 14 голомтонд 978 хонь өвчилсөн байдаг. Үүнээс хойш 2015 онд дахин гарч  тухайн үедээ найман голомтонд 162, харин өнгөрсөн 2016 онд 11 сумын 48 голомтонд 832 хонь өвчилсөн байна. Харин энэ оны тухайд хоёр сумын зургаан голомтонд 31 өрхийн 782 хонь өвчлөөд байна.

“Сүхбаатар аймагт сүүлийн гурван жил дараалан цэцэг өвчин гарсан. Энэ нь тухайн үедээ устгал гүйцэт хийгдээгүй, вакцин хийж эдгэрсэн зэрэг шалтгаанаар зарим өвчилсөн хонийг амьд үлдээсэнтэй холбоотой.  Цэцэг өвчинөөр өвчилсөн хонинд вакцин  хийгээд тухайн үедээ эдгэрч болох ч вирус нь бүр мөсөн устана гэж байдаггүй гэнэ. 2016 онд гэхэд эдгэрсэн гэх шалтгаанаар 87 хонийг устгалд оруулаагүй үлдээсэн байдаг. Мөн 2016 онд хорио цээрийн дэглэм огт тогтоогоогүй нь өнөөдөр энэ өвчин газар авах бас нэг том шалтгаан юм. Малыг халдварт өвчний вирус авсан л бол шууд устгалд оруулах тухай Дэлхийн малд эмнэлгийн эрүүл мэндийн байгууллагын зааварчилгаанд орсон байдаг. Гэтэл манайхан устгалаа ыбүрэн гүйцэт хийж чадаагүй...” хэмээн аймгийн ХХААГ-ын дарга Э. Өлзийтогтох хэлээ.

Одоогоор голомттой байгаа Мөнххаан, Түвшинширээ сумдад усгалын дөрвөн цэг ажиллаж байна. Өөрөөр  хэлбэл халдвар авсан бүх малыг устгалд хамруулах юм байна.

Т. Одончимэг

Холбоотой мэдээ