Алтанбулаг боомтыг орчин үеийн түвшинд хөгжүүлэх асуудлаар санал солилцов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил тэргүүтэй аймгийн удирдлагууд Монгол Улсын Засгийн газраас томилогдсон ажлын хэсгийг энэ сарын 18-ны өдөр хүлээн авч уулзлаа.
Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын ахлах референт П.Зоригтбаатар тэргүүтэй ажлын хэсэг Алтанбулаг боомтыг орчин үеийн боомтын түвшинд хөгжүүлэхэд шаардагдах асуудлуудыг судалж шийдвэрлэх, аймгийн төв Сүхбаатар хотод “Хөгжлийн хөтөч-Дэд бүтэц”-ийн төслийг хэрэгжүүлэх зорилгоор ийнхүү Сэлэнгэ аймагт ажиллажээ. Алтанбулаг сумын хилийн боомт, чөлөөт бүсд орчин үеийн шаардлагад нийцүүлэхээр тулгамдсан асуудлууд багагүй байгаа юм. Үүнийг дагаад Алтанбулаг сумын хөгжлийн асуудлууд ч хөндөгдөж байгаа. Аймгийн удирдлагуудын зүгээс хил түүнийг дагасан чөлөөт бүс, Алтанбулаг сумын хөгжлийн асуудлыг тус тусад нь бус, нэг бүхэл цогц байдлаар авч үзэн шийдвэрлэх шаардлагатай гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийллээ. ЗГХЭГ-ын ахлах референт П.Зоригтбаатар ч Сэлэнгэ аймгийн удирдлагуудын энэхүү саналыг дэмжиж байна гэлээ. Монгол Улсын Засгийн газрын 196-р тогтоолоор орон нутагт “Гудамж төсөл”-ийн үйл ажиллагааг шинэчилж “Хөгжлийн хөтөч-Дэд бүтэц”-ийн төсөл болгоод байгаа аж.
Авто замын сүлжээг өргөтгөн хөгжүүлэх, гэр хорооллын дэд бүтцийг цогц байдлаар шийдвэрлэх зорилго бүхий тус төсөл нийслэл болон Увс, Архангай, Хэнтий аймгуудад амжилттай хэрэгжжээ. Ажлын хэсгийн ахлагч П.Зоригтбаатар:-“Хөгжлийн хөтөч-Дэд бүтэц”-ийн төслийн хүрээнд аймгаас санал болгосон асуудлууд бий. Тэдгээр асуудлуудтай эхлээд газар дээр нь танилцана. Үүний дараагаар албаны хүмүүс уулзаж газар чөлөөлөлт болон бусад тулгамдсан асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх талаар хэлэлцэнэ” хэмээн хэллээ.
Энэхүү төсөл хэрэгжсэнээр Сүхбаатар сумын хэмжээнд орчин үеийн төлөвлөлттэй гудамж, зам талбай баригдаж, Алтанбулаг хилийн боомтын үйл ажиллагаа ч орчин үеийн шаардлагад нийцэж сайжрах юм байна.
Ч.Отгонцэцэг