Оюутолгойн үйлдвэрлэл 8.5 хувиар өсчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunzaya@montsame.mn
2015-10-16 17:56:49

Энэ оны гуравдугаар улиралд өмнөх улиралтай харьцуулахад Оюутолгойн үйлдвэрлэл 8.5 хувиар өссөн байна.

Харин зэсийн хэмжээ хүдэр дэх агууламж нэмэгдсэн учир 1.3 хувиар өсчээ. Тэгвэл алтны хэмжээ өмнөх улирлаас 48.5 хувиар буурсан үзүүлэлт гарсан байна.

Энэ тухай Түркойз хилл ресурс компанийн гүйцэтгэх захирал Жеф Тигэсэн мэдэгджээ. Тэрээр “Долдугаар сард үйлдвэр төлөвлөсний дагуу амарсан ч гуравдугаар улирлын үйлдвэрлэл өмнөх үеэс баяжмал, агуулсан зэсийн үйлдвэрлэл өсч, шинэ дээд амжилт тогтоолоо. Харин алтны агууламж буурсан бөгөөд дөрөвдүгээр улиралд өснө гэсэн хүлээлттэй байна” гэжээ. Гуравдугаар улиралд Оюутолгой компани 56 мянган тн зэс бүхий баяжмал,123 мянган унц алт бүхий баяжмал, 388 мянган унц мөнгө бүхий баяжмал үйлдвэрлэсэн байна. 2015 онд тус компани 175-195 мянган тн зэс бүхий баяжмал, 600-700 мянган унц алт бүхий баяжмал үйлдвэрлэхээр төлөвлөжээ.
Далд уурхайг хөгжүүлэх гэрээг зурж, шинэчилсэн ТЭЗҮ-г Монголын Ашигт малтмалын газар наймдугаар сард хүлээн авсан. Иймд урьдчилсан бэлтгэл ажлыг хангахын зэрэгцээ капиталын зарцуулалтын тооцоог шинэчлэх ажлыг 2016 оны нэгдүгээр улиралд багтаан дуусгах юм байна. Компани 2015 оны эцэст далд уурхайн санхүүжилтыг шийдэж, 2016 оны хоёрдугаар улирлын эхээр бүтээн байгуулалтыг эхлүүлнэ гэж төлөвлөжээ.

Холбоотой мэдээ