Хар тамхины зартай наймаачин Гусманыг АНУ-д шилжүүлэн өгчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2017-01-20 13:47:50

ВАШИНГТОН. /VOA/. Хар тамхины мафийн толгойлогч Хоакин "Эль Чапо" Гусманыг пүрэв гарагт АНУ-д шилжүүлэн өглөө гэж Мексикийн Засгийн газар мэдэгдсэн байна.

Мексикийн Сьюдад-Хуарес хотоос түүнийг Нью-Йорк хотод жижиг нисэх онгоцоор авчирчээ.

Америкийн шоронд насаараа хоригдох ял сонсч магадгүй байгаа Гусманыг мансууруулах бодис наймаалсан, их хэмжээний хар тамхийг Америк руу нэвтрүүлсэн гэх хэрэгт буруутгаж байгаа юм.

Гэмт хэргийн “Sinaloa” бүлгийн толгойлогч болох Гусманыг шилжүүлэн өгөх хүсэлтийг Калифорни болон Техас муж улсын захиргаа гаргасан аж.

Гусман Мексикт үлдэхийг удаа дараа хүссэн боловч түүний хүсэлтийг Мексикийн Засгийн газар хүлээж аваагүй байна.

Мексикийн маш чанга харуул хамгаалалттай шоронгоос хоёр удаа оргож байсан учир холбогдох албаны хүмүүс түүнээс хараа салгадаггүй байна.

Өнөөдөр Нью-Йорк хотын Брүүклин дүүргийн шүүхэд түүнийг шүүх хурал болох ажээ.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ