НҮБ-ын тэргүүн хамтран ажиллахыг дэлхийн удирдагчдад уриаллаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-01-20 08:12:23

ДАВОС. /Xinhua/. Харилцан ойлголцож, хамтран ажиллах нь чухал болохыг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш дэлхийн удирдагчдад хандан үг хэлэх үеэрээ онцлон тэмдэглэлээ.

Өнгөрсөн сард ажлаа хүлээж авсан тэрбээр пүрэв гарагт Швейцарийн Давос хотноо Дэлхийн эдийн засгийн форумын үеэр үг хэлжээ.

Тэрбээр хэлэхдээ “нээлттэй нийгэм болон чөлөөт худалдааны асуудлаар санал зөрөлдөөнтэй байгаа хэдий ч олон улсад нөлөө бүхий удирдагчид өөрсдийн санаа бодол, арга барилаа бусдадаа тулгах нь зохисгүй хэрэг” гэсэн байна.

Худалдааг хамгаалахын тулд “Америк нэгдүгээрт” бодлого баримтлах байр суурьтай байгаа АНУ-ын шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Дональд Трампыг НҮБ-ын тэргүүн битүүхэн шүүмжлэн ийм үг хэллээ гэж шинжээчид үзэж байна.

Цус урсгах аливаа зөрчил мөргөлдөөнөөс урьдчилан сэргийлэх цорын ганц арга зам бол хүн бүрт боломж олгож, харилцан ашиг хүртэх нөхцлийг бий болгохын тулд олон туйлт дэлхий ертөнцийн гол тоглогчид хамтран ажиллах юм гэж Гутерриш хэлжээ.

Мөн дэлхий дахинд тулгамдсан асуудлууд, тэдгээрийн дотор уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг шийдвэрлэхэд дэлхий нийтээрээ хүчин чармайлт гаргахыг НҮБ-ын тэргүүн уриалжээ. Д.Трамп уур амьсгалын өөрчлөлтийг “зохиомол сэдэв” гэж үздэг юм.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ