Анхны “Нарны цахилгаан станц” ашиглалтад орлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2017-01-20 00:26:40

Дархан-Уул аймгийн Хонгор сумын нэгдүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах 10 мвт-ын хүчин чадалтай нарны цахилгаан станцын туршилтын хугацаа дуусч пүрэв гарагийн морин цагт байнгын ашиглалтад хүлээн авч нээлтээ хийлээ.

Нээлтэд Эрчим Хүчний сайд П.Ганхүү, Байгаль орчин, Аялал жуулчлалын дэд сайд Ц.Батбаяр, Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Мацато Такаока болон аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат, Засаг дарга С.Насанбат нар оролцож хүндэтгэлийн тууз хайчлав.

Жилд 14,1 сая кВт/цаг эрчим хүч үйлдвэрлэх уг нарны станцыг дотоодын “Solar power international”, Японы “Sharp” корпораци, “Shigemitsu shoji” компани хамтарч байгуулжээ. Нарны станц ийнхүү ашиглалтад орсноор 20 мянган айл өрхийг сэргээгдэх эрчим хүчээр хангах боломж бүрдэж улмаар жилд 14,746 тонн хүлэмжийн хий ялгаруулахаас сэргийлэх ач холбогдолтой аж.

Мөн үеэр Эрчим Хүчний сайд П.Ганхүү:-“Таван сарын хугацаанд барилгын ажлыг нь хийж гүйцэтгэсэн Дарханы 10 мвт-ын нарны станцыг төвийн эрчим хүчний системд шууд холбож өнөөдөр ашиглалтад хүлээн авч байна. Энэ ажил бол үнэхээр олон хүний хүч хөдөлмөр зүтгэлээр бий болсон бөгөөд юуны өмнө “Solar power international” компаний захирал Б.Мандалбаяр, доктор н.Энэжиш болон энэ ажлыг хамтарч гүйцэтгэсэн гадаад дотоодын компаниудын хамт олонд Монгол Улсын Эрчим хүчний салбарын нэрийн өмнөөс талархал илэрхийлье” гэв. Тус компанийн захирал Б.Мандалбаяр:-“Монгол Улсын болон Япон улсын хамтарсан хөрөнгө оруулалтаар манай компани нь Хонгор сумын нэгдүгээр багийн нутагт нарны цахилгаан станцыг барьж байгууллаа. Үүний хөрөнгө оруулалтыг Японы “Sharp” корпораци, “Shigemitsu shoji” компани хамтарч шийдвэрлэснээр уг төслийг амжилттай хэрэгжүүлж дууслаа. Нарны станцын гол тоног төхөөрөмжүүд нь “Sharp” компанид үйлдвэрлэсэн 310 ваттын өндөр хүчин чадалтай 32374 ширхэг нарны зай, ХБНГУ-д үйлдвэрлэсэн 630 квт-ын чадалтай 16 ширхэг төхөөрөмж, мөн тус улсад үйлдвэрлэсэн суурийн металл хийц зэрэг олон тоног төхөөрөмжийг суурилуулан ажиллуулж байна. Манай нарны станц ашиглалтад орсноор ОХУ-аас авдаг импортын цахилгаан эрчим хүчийг бууруулахаас гадна жилд 14476 тонн хүлэмжийн хий ялагруулахаас ангижруулж жилд 40 мянган тонн нүүрс түлэхтэй дүйцэхүйц хэмжээгээр багасах юм” гэж онцлов.

Нарны энэхүү станцын цахилгааны тоног төхөөрөмжүүд нь манай орны -30-40 хэмийн хүйтэн, эрс тэс нөхцөлд найдвартай хэвийн ажиллаж байхаар тооцоолж Цахилгаан Дамжуулах Үндэсний Сүлжээ компанид эрчим хүч нийлүүлж эхэлсэн нь энэ юм. Уг нарны цахилгаан станцыг барьж байгуулах ажлыг нарны эрчим хүчний чиглэлээр 30 гаруй жил ажилласан Физикийн Шинжлэх ухааны доктор Н.Энэбиш, Эрчим хүчний зөвлөх инженер Б.Мандалбаяр нар болон нарны цахилгаан станцын чиглэлээр ажилладаг гадаад дотоодын туршлагатай мэргэжилүтнүүдээс бүрдсэн баг ажиллаж ийнхүү ашиглалтад оруулсан нь энэ юм.

                                                                                                                                                     Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ