“Манчестер Юнайтед” орлогоороо тэргүүллээ

Дэлхийд | Спорт
adiyakhuu@montsame.mn
2017-01-19 16:44:14

ЛОНДОН./TASS/. 2015/2016 оны тоглолтын улиралд  хамгийн их орлого олсон хөлбөмбөгийн клубүүдийн жагсаалтын 17-д Оросын “Зенит” клуб бичигджээ. Энэ тухай Deloitte аудитын компани мэдээллээ.

Тус компаниас жил тутам гаргадаг “Мөнгөний лиг” гэдэг судалгаанд дурдсанаар, “Зенит” клуб өнгөрсөн улиралд 196,5 сая еврогийн орлого олсон байна. Энэ нь өмнөх 2014/2015 оны тоглолтын улирлынхтай харьцуулахад 28,7 сая еврогоор өссөн үзүүлэлт юм.

“Мөнгөний лиг” жагсаалтын тэргүүнд Английн “Манчестер Юнайтед” клуб бичигдсэн байна. Тус клуб өнгөрсөн тоглолтын улиралд 689 сая еврогийн орлоготой ажилласан нь өмнөх улирлынхтай харьцуулахад 170 саяар өссөн үзүүлэлт ажээ. Түүний сацуу Английн Премьер лигийн 20 клубын нийт орлого өмнөх улирлынхаас 12 хувиар өсч 7,4 тэрбум евро болсныг судалгаанд дурдсан байна.

Жагсаалтын 2 болон 3 дугаарт Испанийн “Барселона” /620,2 сая евро/ болон “Реал Мадрид” /620,1 сая евро/ клубүүд тус тус оржээ. Дөрөвдүгээрт Германы “Бавария” /592 сая евро/, тавдугаарт Английн “Манчестер Сити” клуб /524,9 сая евро/ бичигдсэн байна.  

"Deloitte" фирмийн төлөөлөгч Дэн Жонс-ын дүгнэн хэлснээр, “Манчестер Юнайтед” клубын орлого асар ихээр нэмэгдсэн нь тус клубын арилжааны түншлэл өргөжсөнтэй холбоотой ажээ.

Б.Адъяахүү

Холбоотой мэдээ