Сэлэнгэд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний төрөл нэмэгдэж, борлуулалт өсчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-01-19 15:33:13

Өнгөрсөн 2016 онд Сэлэнгэ аймагт үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүний нэр төрөл 5.8 хувиар нэмэгдэж, борлуулалтын орлого 28.7 хувиар өссөн үзүүлэлтэй гарчээ.  

Сэлэнгэ аймаг хүн ардаа эрүүл экологийн цэвэр хүнсний бүтээгдэхүүнээр хангах томоохон зорилго тавин ажиллаж байгаа. Энэ ч утгаараа иргэдээ үйлдвэрийн аргаар боловсруулсан хүнсний бүтээгдэхүүнээр хангах, үйлдвэрүүдийн хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулсаар байгаа юм. Энэхүү ажлын хүрээнд өнгөрсөн оны тухайд сум бүрд хэрэгжиж буй сум хөгжүүлэх сан болон “Органик Монгол төсөл”-өөс 14 сумын 41 аж ахуйн нэгж, иргэдийг 360 гаруй сая төгрөгийн хөнгөлөлттэй зээлэнд хамруулжээ.

Түүнчлэн дээрх хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэгчдийнхээ бүтээгдэхүүнийг олон нийтэд сурталчлах, борлуулалтыг нь нэмэгдүүлэх зорилгоор хэд хэдэн үйл ажиллагааг зохион байгуулсан байна. Тухайлбал “Сэлэнгэд үйлдвэрлэв”, “Монголд үйлдвэрлэв”, “Алтанбулаг экспо-2016” зэрэг үзэсгэлэн худалдаануудад 17 сумын 275 аж ахуйн нэгж, иргэдийг оролцуулсан аж. Тэд 170 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнтэй оролцож, 60-аад сая төгрөгийн борлуулалт хийсэн байна.  

Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ