Трамплины тэмцээн үзэх VIP тасалбарын үнэ 900 евро

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
adiyakhuu@montsame.mn
2017-01-18 11:07:25

ЛЮБЛЯН./TASS/. Словен улсын Планица-д болох трамплинаас цанаар үсрэлтийн Дэлхийн цомын тэмцээнийг үзэх VIP суудлын тасалбарын үнэ 900 еврод /2,4 сая төгрөг/ хүрч дээд амжилт тогтоов.

Ийм үнэтэй тасалбар худалдан авсан үзэгчдийг нисдэг тэргээр зөөн авчирч, Crystal globe lounge гэдэг дээд зэрэглэлийн суудалд суулгах ба Словенийн үндэсний хоолоор дайлж, тэмцээнд ялсан тамирчидтай уулзуулах ажээ.

“Планица” спорт цогцолборын захирал Примож Фижгар ярихдаа “анхандаа энэ тасалбарыг бизнес эрхлэгчдэд зориулан борлуулахаар төлөвлөж байсан. Гэтэл жирийн иргэд VIP суудлын тасалбар худалдан авах хүсэлтээ ирүүлэх боллоо” гэв.  

Түүний ярьснаар, трамплинаас үсрэлтийн Дэлхийн цомын тэмцээнийг үзэхээр жил бүр 110 мянга гаруй хүн Планицад хүрэлцэн ирдэг ажээ. Тэмцээний тасалбарын үнэ 20-90 еврогийн хооронд хэлбэлздэг байна. Харин VIP тасалбар ердөө 10-хан ширхэг байгаа аж. 

Планица нь Словенийн Ратече гэдэг суурингийн нэгэн дүүрэг бөгөөд трамплинаас үсрэлтийн олон талбайтай учир “трамплины хөндий” гэж нэрлэгдэх болжээ. Энд дэлхийд хамгийн уртад тооцогдох 240 м урт трамплины зам бий.

Энэ оны Дэлхийн цомын ээлжит гараа Планицад 3 дугаар сарын 24-26-нд болох юм.

Б.Адъяахүү

Холбоотой мэдээ