Гурвалсан нанотехнологи хорт утааны 98 хувийг бууруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunzaya@montsame.mn
2017-01-09 18:02:38

Улаанбаатар зэгэл саарал хөшгөө татаж бүгшүүлэн “ханиалгаж” байна. Нийслэлийн  уушгийг цэвэрлэж утааг багасгахаар Засгийн газар шөнийн цагаар гэр хорооллынхны цахилгааныг тэглэх шийдвэр гаргасантай холбоотой МҮХАҮТ-д өнөөдөр Агаарын бохирдлыг бууруулахад иргэн таны оролцоо “Технологийн үзэсгэлэн”-г  нээлээ.

Дулаан алдагдал болон агаарын бохирдлыг бууруулах технологийн шинэ шийдлүүдийг танилцуулах эл үзэсгэлэнд 50 гаруй аж ахуйн нэгж бүтээгдэхүүнээ танилцуулав. 

Энд утаагүй түлшнээс эхлээд гэрийн дулаалга, хана, шалны халаагуур, гурвалсан нано бүтээгдэхүүн, амны хаалт, агаар цэвэршүүлэгч, модны үртэс, самрын яс гэх мэт үйлдвэрийн хаягдлаар хийсэн шахмал түлш гээд утааны эсрэг тэмцэх бүхий л хэрэгсэлтэй танилцах боломж бүрджээ.

 Агаарын бохирдлыг бууруулахад иргэн таны оролцоо “Технологийн үзэсгэлэн”-д Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол нар болон албаны хүмүүс хүрэлцэн ирсэн юм.

“Зөвхөн зуухаар утааны асуудлыг шийдэхгүй. Маш олон шийдлээр утааг багасгана. Тиймээс утаатай тэмцэхэд ганцхан Засгийн газар биш иргэд, аж ахуйн нэгжүүдийн оролцоо чухал үүрэгтэй” хэмээн Засгийн газрын тэргүүн онцолсон.

Агаарын бохирдлыг бууруулахад иргэн таны оролцоо “Технологийн үзэсгэлэн”-д утааны эсрэг тэмцэх ийм бүтээгдэхүүнүүд дэлгэжээ.

Нүүрс баяжуулах шингэнийг ашиглавал агаарын бохирдлыг 40 хувиар багасгана

 “Жим Вэйл Монголия Интернэйшнл” компанийн  гүйцэтгэх захирал Б.Барысбек:

30 жилийн түүхтэй АНУ-ын  H2OIL корпараци  баталгаат бүтээгдэхүүнийг Монголд туршиж эхлээд байна. Манай компани “Гурвалсан нанотехнологитой “F2-21” төслийг 2012 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Эл төсөл “Нано шатахуун”, Нано ойл”, “Нано нүүрс” гэсэн үндсэн гурван хэсгээс бүрдэж буй юм. Тухайлбал  “Нано шатахуун” -ыг хэрэглэснээр автотээврийн хэрэгслээс ялгарах хорт хий, утаа, тогтворжилтын түвшинг бууруулах боломжтой. Өөрөөр  хэлбэл Нийслэлийн агаарын бохирдлын  20 гаруй хувь нь хөдөлгөөнт хэрэгслээс үүдэлтэй. Энэ 20 хувийн агаарын бохирдлыг бүрэн шийдэх боломжтой. Тухайлбал нэг литр “F2-21 eeFuel” нанотехнологиор баяжуулсан шингэнийг 10 литр шатахуунд хэрэглэнэ. Ингэснээр агаарын бохирдлыг бууруулахаас гадна хэрэглэгчдийн шатахууныг 10-30 хувь хэмнэх боломжтой.  Манай нано шатахууныг хэрэглэгчид моторын хүч нэмэгдсэн, түлш хэмнэж буйд сэтгэл хангалуун байгаа. Түүнчлэн  20-30 тонн түлш хэрэглэдэг том уул уурхайн компаниуд өдөрт 14 сая төгрөгийн хэмнэлт хийх боломжтой. Гурвалсан нанотехнологийг хэрэглэснээр хорт утааны 98 хувийг бууруулна.

Хотын агаарын бохирдлын 80 хувь нь гэр хороолын утаа бүрдүүлж буй энэ үед манай технологийг  хэрэглэж болно. Эцсийн буталсан эсвэл угаасан нүүрсэнд манай цацлагыг тодорхой хэсгүүдэд цацаж хэрэглэнэ. Нүүрс түлэхэд зөвхөн тал хувь нь шатаж, ихэнх нь тортог болон агаарт дэгддэг. Цацлаг маань эдгээр бодисуудыг дарж өгөх үйлчилгээтэй. Харин нүүрс баяжуулах шингэнийг дангаар нь ашиглавал агаарын бохирдлын 40 хувийг бууруулна.

Монгол гэрийн  шинэ технологийн дулаалга 13 цаг дулаанаа барина

“Арьяа” компанийн захирал З.Золжаргал:

 Дулаан алдагдлыг багасгаж, эрчим хүч, эдийн засгаа хэмнэж агаарын бохирдлыг бууруулахын тулд Монгол гэрийн  шинэ технологийн дулаалга хийсэн. Энэ дулаалга 6 давхар эсгийтэй тэнцэх хэмжээний дулаан хадгалдаг нь туршилтаар батлагдсан. Бүтцийн хувьд дотуур дулаалгыг мөнгөлөг ялтсан хөнгөн цагаанаар, гадуур дулаалгыг ус нэвтрүүлэхгүй синтпон полистрол буюу поли синтпоноор хийсэн. Мөн дулаан хадгалах гол хэсэг нь шалны дулаалга юм.  Энэ дулаалгыг хэрэглэснээр хаяа манах шаардлагагүй, доороосоо жиндэхгүй. Шалны дулаалгыг модон шалны оронд хэрэглэж болно.  Монгол гэрийн  цогц дулаалга  нэг сая 250 мянган төгрөгийн өртөгтэй.  Нэг эсгий дунджаар 350-500 мянган төгрөгийн үнэтэй. Берзент, цаваг гээд тооцвол нийт  1.5 сая төгрөг болдог. Ингэхээр уламжлалт дулаалгаас шинэ технологийн дулаалга хямд үнэтэй. Манай дулаалгыг авсан айл оройн 21 цагт галлахад өглөөний 10 цаг хүртэл дулаанаа хадгалах боломжтойгоос гадна  гэр хурдан халдагаараа давуу талтай. Одоогоор уул уурхайн кэмпүүд, жуулчны бааз түлхүү хэрэглэж байна. Монгол гэрийн  шинэ технологийн дулаалгыг нэвтрүүлэхийн тулд  хөрөнгө оруулалт хэрэгтэй байгаа. Тиймээс үүнийг төр засгаас дэмжинэ гэдэгт итгэлтэй байна.

Мөн манай компани эко яндан бүтээсэн. Энэ яндан маань бүх төрлийн зууханд суурилуулж болно. Түлшийг бүрэн шаталтад оруулж,  тортгыг нарийн шүүлтээр шүүдэг давуу талтай. Ямар түлш хэрэглэхээс үл хамааран бүрэн шатдаг. Мөн угаартах, шүүлтүүр бөглөрөх гэсэн аюулгүй, цэвэрлэхэд хялбар. 250-300 мянган төгрөгийн өртөгтэй.

Нүүрсний хэрэглээнээс бага мөнгөөр дулаанаа хангана

“Мянган лан” халаалтын төхөөрөмжийн зохион бүтээгч Д.Дондовсамбуу:

Агаарын бохирдлыг бууруулах, айл өрхөд, хямд зардлаар өндөр технологи бүхий халаалтын төхөөрөмжийг 2012 онд хэсэг инженерийн хамт зохион бүтээсэн. Маш бага цахилгаанаар халдаг хоёр төрлийн халаагуур хийсэн. Уураар халаах халаагуур, том орон зайг халаах халаалтын системийг нэвтрүүлээд 4 жил болж байна. Гэр хороололд 60 метр квадрат байшинг манай халаагуураар  4 жилийн турш халааж буй хэрэглэгч жилд цахилгааны төлбөрт 700 мянган төгрөг зарцуулж байна. Нүүрсний хэрэглээнээс бага мөнгөөр дулаанаа хангахаас гадна тохилог орчинд амьдрах боломж бүрдсэн. Манай бүтээгдэхүүн  10 жилийн баталгаатай бөгөөд  80-150 ам. метр талбайг халаах хүчин чадал бүхий халаагуурыг 1.5 сая төгрөгөөр 150-аас дээшхи халаагуурыг 2 сая төгрөгийн өртгөөр худалдан авах боломжтой.

 Нунтаг нүүрсийг модны нүүрстэй хольж утаагүй түлш үйлдвэрлэжээ

MCPT компанийн Ерөнхий менежер Ж.Пүрэв:

Шорлогны нүүрснээс гарсан үндсэн түүхий эдээр манай компани утаагүй түлш үйлдвэрлэж эхлээд байна. Нунтаг нүүрсийг модны нүүрстэй хольж дээрх түлшийг хийдэг. Утаагүй нүүрс нь илчлэг ихтэй, шаталт удаан, утаа гардаггүйгээр давуу талтай. Манай үйлдвэр сард 700 тонн нүүрс үйлдвэрлэх хүчин чадалтай. Нэг тонн нүүрсийг 120 мянган төгрөгөөр худалдан авах боломжтой. Тухайн айлын хэрэглээнээс шалтгаалан нэг тонн нүүрс нь портер нүүрсний тал хувьтай тэнцэх бөгөөд хэрэглэгч 30 хувийн хэмнэлт гаргах бололцоотой. Мөн бид модны нүүрсийг ашиглан нэг удаагийн маск үйлдвэрлэсэн. Идэвхжүүлсэн нүүрстэй маск нь химийн хорт бодисыг хамгийн сайн шүүдгээрээ давуу талтай. Энэ маскийг худалдаанд 250 төгрөгөөр борлуулж байна.

 Ийнхүү үзэсгэлэнгээс  татах хүчний нөлөөгөөр  хорт бодисыг саармагжуулан устгах чийдэн, дизель түлшээр ажиллах зөөврийн халаагуур, Багануурын нүүрсний уурхайг түшиглэн байгуулах цэвэр түлшний үйлдвэрийн төслийн танилцуулгатай танилцаж, утаанаас бага өртгөөр хэрхэн салах вэ гэдгийг харьцуулан сонголт хийх боломж байна.

Үзэсгэлэнд оролцогсод урт хугацаанд өрхийн эдийн засагт хэмнэлт авчрах, импортоор оруулж ирж буй бүтээгдэхүүнийг гаалийн тарифаас чөлөөлөхөөс эхлээд уян хатан  хандах хэрэгтэйг онцолж байсан юм. Түүнчлэн Засгийн газраас гаргасан шийдвэр иргэн бүрийн оролцоо дэмжлэгтэйгээр хэрэгжих ёстой. Мөн хариуцлагын асуудлыг тооцож эхэлбэл утаанаас ангижирна гэдэгт хүмүүс санал нэгтэй байна.

 Агаарын бохирдлыг бууруулахад иргэн таны оролцоо “Технологийн үзэсгэлэн” маргааш үргэлжилнэ.

 Б.Заяа

Холбоотой мэдээ