Метилийн спиртэд хордож нас барсан хүмүүсийн тоо 76 хэвээр байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2017-01-09 15:17:30

ЭРХҮҮ. /TASS/. Шинэ жилийн баярын өдрүүдэд буюу нэгдүгээр сарын 1-9-нд хоёр хүн метанолд хордож Эрхүү хотын эмнэлэгт нас барсан тухай мэдээллийг шалгасан, одоогоор шүүх эмнэлгийн хариу гараагүй байна. Ийм учраас "Боярышник"-т хордож амиа алдсан хүмүүсийн тоо 76 хэвээр байна гэж Эрхүү мужийн Эрүүл мэндийн яам мэдэгдэв.

“Метанолын хордлого авсан гэсэн хоёр хүнийг яаралтай тусламжаар эмнэлэгт хүргэсэн. Харин тэд "Боярышник" гэдэг уусмалд хордож нас барсан эсэхийг тогтоогоогүй байна. Метанолын хордлого авсан 123 тохиолдол бүртгэгдээд байгаагаас 76 хүн амиа алдсан” гэж яам мэдэгдэлдээ дурдлаа.

Усанд ороход зориулагдсан, метанол агуулсан “Боярышник” гэдэг уусмалыг Эрхүү хотын иргэд хэрэглэсний улмаас нийт 78 хүн нас бараад байна гэж яам өмнө нь мэдэгдсэн билээ.

Харин албаны хүмүүсийн ярьснаар, хоёр болон түүнээс дээш хүний амь насанд хүрсэн, аюулгүй байдлын шаардлага хангаагүй бараа бүтээгдэхүүн худалдаалсан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэж, уг хэрэгт холбогдуулан 20 гаруй хүнийг баривчлаад байгаа ажээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ