НҮБ-ын тэргүүн Аюулгүйн Зөвлөлийг шинэчлэх бодолтой байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2017-01-07 14:19:18

НҮБ./NHK/. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш Аюулгүйн Зөвлөлийг шинэчлэх зорилготой байгаагаа илэрхийллээ.

Японы Гадаад хэргийн дэд сайд Шинсүке Сүгияма өчигдөр Нью-Йорк хотноо Антонио Гутерриштэй уулзсан байна. А.Гутерриш энэ сарын 1-ний өдөр үүрэгт ажилдаа орсон билээ.

Аюулгүйн Зөвлөлийн бүтэц, зохион байгуулалт бүтэн 50 гаруй жилийн турш нэгэн хэвийн байлаа, одоо үүнийг өөрчлөх хэрэгтэй гэж Антонио Гутерриш мэдэгдсэнийг Шинсүке Сүгияма уламжилжээ.

1965 онд Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүн орнуудын тоог 4-өөс 10 болгож нэмэгдүүлсэн боловч байнгын гишүүн орнуудын тоонд өөрчлөлт ороогүй юм.

2005 онд Япон тэргүүтэй хэд хэдэн орон байнгын гишүүн орнуудын тоог нэмэгдүүлэхийг уриалсан тогтоолын төслийг НҮБ-ын Ерөнхий Ассамблейд өргөн барьж байсан боловч энэ асуудалд ахиц гараагүй аж. 

Харин Антонио Гутерриш шинэчлэлийн асуудалд хэрхэн хандах нь олны анхаарлыг татаж байна.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ