АНУ-ын шинэ удирдлага бол 2017 онд учрах "гол эрсдэл" гэж үзжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-01-05 13:42:27

НЬЮ-ЙОРК. /Nikkei/. Энэ онд дэлхий дахинд аюул учруулах хамгийн том эрсдлээр Дональд Трампын удирдсан АНУ-ыг нэрлэж байна.

Зөвлөгөө өгөх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Америкийн “Eurasia Group” фирм “Хамгийн том эрсдлүүд-2017” гэсэн тайланг бэлтгэн гаргажээ.

Д.Трампын “Америк нэгдүгээрт” бодлогын уг санаа нь Америкийн тусгаар тогтнолын үндсэн үнэ цэнэ дээр суурилдаг болохыг уг тайланд цохон тэмдэглэжээ.

Гэхдээ Д.Трампын хувьд “дэлхийн асуудлуудыг шийдвэрлэхэд зайлшгүй оролцох хариуцлагаас АНУ-ыг чөлөөлөх” зорилготой байна гэж уг тайланд бичсэн байна. Өөрөөр хэлбэл, олон улсын байгууллагууд болон холбоотнуудын АНУ-ын нуруун дээр үүрүүлсэн ачааг “сэгсрэн хаяна” гэсэн үг юм.

Д.Трампын бодлогын улмаас бий болсон сүр хүчний хоосон орой зай нь ойрын хугацаанд дэлхий дахинд, ялангуяа Европт эмх замбараагүй байдал үүсгэнэ гэж “Eurasia Group” фирмийн шинжээчид таамаглаж байна. АНУ-ын бодлогод гарсан өөрчлөлтийг Азид аюулгүй байдлын ашиг сонирхлоо өргөжүүлэх боломж гэж Хятад улс харж байгаа аж. Үүний улмаас хоёр улсын харилцаа таагүй болж магадгүй юм.

Хятад улс гадаад асуудлуудад хэтэрхий санаа зовж байгаа нь энэ онд дэлхий дахинд аюул учруулж мэдэх хоёр дахь том эрсдэл юм. Тайланд дурдсанаар, 2017 оны сүүлийн хагаст болох Хятадын Коммунист намын их хурлаас өмнө эрх мэдлээ бэхжүүлэхийн тулд БНХАУ-ын дарга Си Зиньпин гадаад бодлогын өөрчлөлтүүдэд хүчтэй хариу үйлдэл үзүүлэх магадлалтай байна.

Харин Умард Солонгосыг 2017 онд дэлхийн дахинд аюул учруулж болзошгүй гол арван эрсдлийн есдүгээрт оруулжээ. АНУ-ын баруун эрэгт хүрч цохилт өгч чадах цөмийн цэнэгт хошуу бүхий тив алгасах баллистик пуужинг тун удахгүй харвана гэдгээ Пхеньян саяхан мэдэгдсэн билээ. Энэ бол АНУ-ын бодлого боловсруулагчдын хувьд “улаан шугам” юм гэж шинжээчид үзжээ.

Франц болон Германд болох сонгууль, Ойрхи Дорнодын нөхцөл байдал, Төвбанкуудын улс төржилт, Цагаан ордны эсрэг Цахиурын хөндий, Турк болон ӨАБНУ дахь нөхцөл байдал зэргийг 2017 онд дэлхий дахинд аюул учруулах гол эрсдлүүд мөн гэж “Eurasia Group” фирм онцолсон байна.

Г.Доржханд

 

 

Холбоотой мэдээ