С.Зоригийг хөнөөсөн хэргийн захиалагчийг илрүүлэх ажлын хэсэг байгуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ
dogsom@montsame.mn
2017-01-04 11:36:27

С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргийг тусгайлан шалгаж эхэлсэн хэмээн Улсын Ерөнхий прокурорын газрын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах ажил хариуцсан хяналтын прокурор Ц.Өлзийжаргал мэдээлэв.

1998 оны 10 дугаар сарын 2-ны өдөр УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг 18 жилийн дараа илэрч Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт ялын дээд хэмжээ 24-25 жил хорих ял оноосон. 

Гэвч уг  хэргийн шүүх хурлын шийдвэр захиалгаар хүний амь хөнөөсөн гэх яллах дүгнэлтийг удаа дараа уншиж танилцуулсан ч захиалагч тодорхой бус хэмээн иргэд, ар гэрийнхэн нь нэлээд  шүүмжлэлтэй хандаад байгаа. Тэгвэл энэ хэргийг  захиалсан, урьдчилан зохион байгуулсан эзнийг тогтоохоор хамтарсан ажлын хэсэг байгуулсан бөгөөд нууцын зэрэглэлтэй эл хэргийг шалгахаар Тагнуулын Ерөнхий газрын мөрдөн байцаах хэлтэс, Цагдаагийн Ерөнхий газрын Мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийн мөрдөн байцаагчдын бүрэлдэхүүн багтжээ.

Нийслэлийн прокурорын газраас хяналт тавих бөгөөд хэргийг шуурхай шалгаж, шийдвэрлэхийг Ерөнхий прокурор М.Энх-Амгалан ажлын хэсэгт үүрэг болгов.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ