Гэр хорооллын иргэд үнэгүй цахилгаан хэрэглэж эхлээгүй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunzaya@montsame.mn
2017-01-03 19:28:18

Гэр хороололд нийт 146 мянган өрх амьдарч байгаа. Үүнээс 110 мянган өрх хоёр тарифтай тоолууртай хэмээн Эрчим хүчний зохицуулах хорооноос мэдээллээ.

Тус хорооноос нийслэлийн гэр хорооллын хоёр тарифт тоолууртай айл өрхийн шөнийн тарифыг тэглэх тогтоол гаргаснаа өнөөдөр танилцуулсан юм.

Тодруулбал гэр хорооллын айл өрхийн цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлт 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс дөрөвдүгээр сарын 1 хүртэл хэрэгжих бөгөөд эрчим хүчний хэрэглээний дээд хязгаарыг 220В-ын хэрэглэгчид 700 кВт.ц, 380В-ын хэрэглэгчид 1500 кВт.ц байхаар тогтоожээ. Түүнчлэн тус газраас гэр хорооллын иргэд 4.8 тэрбум гаруй төгрөгийн цахилгааны хөнгөлөлт эдлэх тооцоо гаргасан байна.

 Хоёр тарифт тоолуургүй иргэд 80-85 мянган төгрөгийн үнэтэй тоолуураас сонгон авч хэрэглэх боломжтой гэнэ. Цахилгааны хөнгөлөлтийг ахуйн зориулалтаар хэрэглэж буй  хэрэглэгчид эдлэх бөгөөд дэлгүүр, үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгжүүд хамрагдахгүй гэдгийг албаныхан хэлж байна. Гэр хорооллын иргэд оройн 21.00 цагаас өглөөний 6.00 цаг хүртэл хөнгөлөлт эдлэх бөгөөд шөнийн цагаар ачаалал бага тул хүндрэл үүсэхгүй хэмээн Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан онцлов.

Шөнийн цагаар цахилгааны төлбөрийг тэглэснээр агаарын бохирдол тодорхой хэмжээнд буурах, иргэдэд ирэх эдийн засгийн үр өгөөж өснө хэмээн албаныхан үзэж буй юм. Энэ талаар иргэдийн санал, бодлыг сонссоноо хүргэе

-Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны иргэн Д.Дашням:

- Хоёр тарифт тоолуураа авч амжаагүй байна. Өчигдөр л телевизийн мэдээ үзэж мэдлээ. Уг нь их зөв зүйл. Гэхдээ Засгийн газар энэ шийдвэрээ өвөл эхлэхээс өмнө 8-9 сарын үед гаргасан бол оновчтой байх байсан болов уу. Хоёр тарифт тоолуур авах бэлтгэл ажлыг хангах гэсээр байтал өвөл дуусах нь байна шүү дээ. Утааны хувьд шөнийн цагаар цахилгаан тэглэснээр асуудал шийдэгдэхгүй ээ. Олон хөшүүрэг байж утаа багасана. Манайх өвөлдөө 3 портер нүүрс хэрэглэдэг. Энэ хэрэглээг цахилгааны хөнгөлөлт багасгах нь дамжиггүй.

 -Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны иргэн  А.Ариунжаргал:

-Утааны асуудал хэрээс хэтэрлээ. Би нялх хүүхэдтэй, хүчилтөрөгчийн дутагдалтай байна гэж эмч хэлсэн. Гэр хороололд амьдардаг болохоор хүүхдээ агаар салхинд гаргаж чадахгүй байна. Ханиад хүрээд бүрэн эдгэхгүй маш хүнд нөхцөлд амьдарч байна. Цахилгааны хөнгөлөлт эдлэхийн тулд хоёр тарифт тоолуур авах ёстой юм билээ. Яг одоо тоолуур худалдан авах боломж алга. Мөн халаагуур хэрэглэх нь тийм ч оновчтой хувилбар биш, эрүүл мэндэд муу гэдэг. Шалны халаагуурыг айл бүр худалдан авч чадахгүй шүү дээ. Тиймээс утааг бууруулахад нөлөөлнө гэдэг нь эргэлзээтэй. Манайх жижиглэнгээр нүүрсээ худалдан авдаг. 50 кг-ын шуудайтай нүүрсийг хоёр өдөр түлдэг.

СХД-ийн иргэн Б.Энхбаяр:

-Хүүхэд байнга ханиад хүрээд хэцүүхэн л өвөлжиж байна. Манайх сард нэг портер нүүрс хэрэглэдэг. Шөнийн цахилгааныг тэглэж байгаад баяртай байна. Гэхдээ хоёр тарифт тоолуур болон халаагуур, шалны халаагууртай хүмүүс шөнө үнэгүй цахилгаан хэрэглэх боломжтой. Манайх хоёр тарифт тоолуур худалдан авах боломжгүй учир энэ жил цахилгааны хөнгөлөлтийг эдэлж чадахгүй нь.

-Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны иргэн П.Энхтуяа:

- Өглөө, оройдоо утаа маш их  учраас хоолой хорсдог болсон. Утаанаас салахын тулд айл бүр утаа багасгах зуух хэрэглэх хэрэгтэй. Манайх энэ зуухыг 6 жил хэрэглэж байна. Ямар ч  байсан яндангаас гардаг утаа эрс багассан. Хоёр тарифт тоолуураа аваагүй байгаа. Өвөл дундаа орсон болохоор  төслийн зуухаа л хэрэглэнэ дээ.

-Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны өрхийн эмч П.Баярчимэг:

-13 дугаар хороо бол утааны голомтот бүс гэж хэлж болно. Энэ жилийн хувьд томуу, томуу төст өвчин өмнөх жилээс их байна. Нэг хүүхэд бараг гурван удаа буцаж ирж үзүүлж байна. Нэг эмч өдөрт  50 гаруй хүүхэд үздэг. Ихэнх нь 0-5 насны хүүхэд, хөгшид юм. Засгийн газар утаа багасгах зорилгоор шөнийн цагаар цахилгаан тэглэсэнд баяртай байна.   

 - Сүхбаатар дүүргийн иргэн О.Мөнгөнтогоо:

- Манай хүүхэд ханиад хүрээд сар болж байна. Эдгэхгүй байгаа нь агаарын бохирдолтой холбоотой. Шөнийн цахилгаан тэглэх болсныг өчигдөр л мэдлээ. Хоёр тарифтай тоолуур заавал худалдан авах юм билээ. Гэр хорооллынхны хувьд энэ тоолуурыг худалдан авах боломж муу шүү дээ. Тиймээс бэлтгэл хангах хугацааг сайн бодолцох хэрэгтэй байсан юм болов уу.

 -Чингэлтэй дүүргийн иргэн Б.Бямбацогт:

-Засгийн газраас шөнийн цагаар цахилгааны төлбөрийг тэглэх болсон нь сайн хэрэг. Гэвч тэр яриад байгаа өдөр, шөнийн тарифтай тоолуурыг худалдаж авах хүн гэр хороололд хэд байгаа билээ гэдгийг бодолцох ёстой. Нүүрсээ базаасан энэ үед иргэд халаагуур, шалны халаагуур, хоёр тарифт тоолуур авах нь юу л бол. Өвлөөс өмнө энэ шийдвэрээ гаргасан бол зүгээр байсан юм.

 Б.Заяа

 Гэрэл зургийг Н.Батбаяр

Холбоотой мэдээ